ШУС-ийн Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхим, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 384 жилийг тохиолдуулан МУИС-д суралцаж буй гадаад оюутнуудад Улаанбаатар хотыг танилцуулах аяллыг зохион байгуулав.
Аялалд монгол хэлний бэлтгэл анги болон бакалавр, магистр, докторын түвшинд шинээр элсэн суралцаж буй хятад, орос, чех, польш, буриад, халимаг, итали, танзани, америк, япон, солонгос оюутнууд хамрагдаж Улаанбаатарын хотын түүх болон Их эзэн Чингис хааны хөшөө, Сүхбаатарын хөшөө, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Хуримын ордон, Хүүхдийн ордон, Баянгол зочид буудал, Энх тайвны гүүр, Тэмээтэй хөшөө, Богд хааны ордон музей, Зайсан толгой, Их тэнгэрийн ам, Туул гол зэрэг дурсгалт газрыг үзэж сонирхов. Мөн Цонжин Болдог, Чингис хааны морьт цогцолбор, Монголын эзэнт гүрний музей үзэж, нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Оюутнууд аяллын хөтөлбөр маш сонирхолтой байсныг онцолж, олон сайхан газар үзэж танилцсандаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Ташрамд дурдахад, оюутнуудад үнэ төлбөргүй үйлчилсэн Нийслэлийн аялал жуулчлалын газрын хамт олонд талархсанаа илэрхийлж, ажлын их амжилт хүсье!