МОНГОЛ ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАВДУГААР ХУРАЛ (ML 2023) БОЛЛОО

   МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, ОХУ-ын ШУА-ийн Хэл шинжлэлийн хүрээлэн хамтран “Түүхэн ба орчин үеийн монгол хэл, аялгуунууд: Нийтлэг шинж ба хөгжлийн онцлог” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 8-р сарын 14-18-ны өдөр Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа. Тус хуралд Монгол Улсаас гадна АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, БНСУ, БНТУ зэрэг 12 орны 61 эрдэмтэн судалгааны ажлын сүүлийн үеийн үр дүнгээс танилцуулж, мэргэжил нэгт нөхөдтэйгөө мэдлэг, мэдээллээ солилцов.
   Илтгэлүүдийг холбогдох сэдвийн дагуу алтай хэл шинжлэл, монгол төрөл хэл ба нутгийн аялгуу судлал, түүхэн хэл зүй, хятан бичгийн судлал, эх бичиг судлал, хэл зүй, үгийн сангийн судлал, хөмрөг хэл шинжлэл гэсэн хэсэг хуваан танилцуулав. Хоёр жил тутам болдог тус хурлыг өмнө нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-д зохион байгуулж байсан бөгөөд дараагийн удаад БНТУ-д зохион байгуулахаар боллоо.
Түүнчлэн, уг хурлын үеэр монгол хэл шинжлэлчид цаашдын хамтын ажиллагаагаа улам бүр нягтруулах, мэдээллээ шуурхай солилцох, судалгааны чанар, үр дүнг нэмэгдүүлэх талаар санал солилцож, үүнийг хэрэгжүүлэх бүтэц болох “Олон улсын монгол хэл судлалын нийгэмлэг”-ийг байгуулж, тус нийгэмлэгийн ерөнхийлөгч, хүндэт ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийг сонгов.