МУИС-ийн Түүхийн тэнхим, Монгол судлалын хүрээлэнгийн урилгаар Японы Осакагийн их сургуулийн дэд профессор, доктор Имаока Рёко “Э.Чимэдцэрэн багшийн бүтээлийн ач холбогдол (Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл Д.Пагмадуламыг чөлөөлсөн нь)” сэдвээр 2024 оны 9-р сарын 6-нд онц сонирхолтой лекц тавив. Доктор Имаока Рёко Э.Чимэдцэрэн багшийн шавь байсан бөгөөд лекцэндээ монголын эмэгтэйчүүдийн судалгаанд оруулсан багшийнхаа хувь нэмрийг тодруулан үзэл суртлын хатуу хараа хяналттай цаг үед Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг үндэслэн байгуулсан Д.Пагмадуламын намтар судлалд анхны шан татсан судлаач болохыг нь онцлон дүгнэсэн юм.
Э.Чимэдцэрэн багшаар хичээл заалгаж, хамтран ажиллаж байсан оюутан сурагч, багш судлаач, үр сад хүрэлцэн ирж эрхэм багшийн тухай дурсамж хуваалцан халуун дотно яриа өрнүүлсэн нь лекцийг улам сонирхолтой болгов.
Э.Чимэдцэрэн багш бол Монголын анхны түүхч эмэгтэй, БНХАУ-д бэлтгэгдсэн анхны судлаачдын нэг байсан билээ. Түүний амьдрал, ажил үйлс МУИС-ийн Түүхийн тэнхимтэй салшгүй холбоотой байж, үе үеийн түүх, соёлын салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш суралцагчид энэ хичээлийн жилд Э.Чимэдцэрэн багшийнхаа мэндэлсний ойд зориулан ном бүтээлүүдийг нь хэвлэх, эрдэм шинжилгээний хурал, уулзалт зохион байгуулах зэргээр олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.