Түүхийн тэнхимийн суурь судалгааны үр дүнд хэвлэгдсэн “Сум-нэгдлийн тогтолцоо” бүтээлийн зохиогчдын нэг Б.Чинзориг доктор 2023 оны 11-р сарын 30-нд сум-нэгдлийн үйлдвэрлэлтэй холбогдон нэгдэлч малчдын амьдралд тулгарч байсан асуудлуудын тухай “Сум нэгдэл: Хөдөлмөрийн нөөц, дотоод шилжилт хөдөлгөөн” сэдэвт илтгэлийг Профессорын семинарт хэлэлцүүллээ. Монгол улсын хүн амын насны бүтцэд хүүхэд, залуучуудын эзэлж байсан хувь нэмэгдэх тусам нэгдлийн мал аж ахуйд хөдөлмөрийн үндсэн ачаалал дунд, ахмад насныханд шилжиж байсан болохыг илтгэгч онцлон тэмдэглээд нэгдэлч малчны хүнд хүчир хөдөлмөр нь нэгдлийг оршин тогтнох бүхий л цаг үед малчдын амьдралд нөлөөлж, улмаар тэднийг нийгмийн хамгийн “эрх чөлөөгүй”, гачигдалтай хэсэг болгож байсан гэж дүгнэв. Хэлэлцүүлэгт ахисан түвшний суралцагчид, Өвөр Монголын их дээд сургуулийн багш, оюутнууд, судалгааны байгууллагуудын ажилтнуудаас гадна социологи зэрэг бусад салбар ухааны судлаачид оролцож санал, шүүмж өглөө.
Цуврал хэлэлцүүлгийн дараагийн хэлэлцүүлэгт ХААН-ийн эдийн засаг-нийгмийн түүхийн өвөрмөц сонирхолтой асуудлуудыг авч үзэх тул түүх судлаач, суралцагч та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.