Түүхийн тэнхимийн суурь судалгааны үр дүнд хэвлэгдсэн “Сум-нэгдлийн тогтолцоо” бүтээлийн зохиогчдын нэг Н.Алтантөгс доктор 2023 оны 11-р сарын 9-нд сум-нэгдлийн тогтолцооны эдийн засгийн үндэс болж байсан мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтолцооны мөн чанарын тухай “Сум нэгдэл: цалин, үнэ, нэмүү өртөг” сэдэвт илтгэлийг Профессорын семинарт хэлэлцүүллээ. Нэгдлийн үйлдвэрлэлийн харилцаа нь улсын төлөвлөгөөний дагуу хамгийн бага өртгөөр хамгийн их ашиг олоход чиглэж байсан болохыг илтгэгч онцлон дурдаад хэдийгээр сум-нэгдлийн үйлдвэрлэлийн орлогын хуримтлал улс орон орчин үежин хөгжин дэвжих эдийн засгийн үндсийг бүрдүүлсэн ч урт хугацаанд малчид ядууран доройтож, малчдын амьжиргаа дан ганц амины малаас хамааралтай болж байсныг дүгнэв. Хэлэлцүүлэгт ахисан түвшний суралцагчид, бусад их дээд сургууль, судалгааны байгууллагуудын ажилтнуудаас гадна эдийн засаг, социологи зэрэг бусад салбар ухааны эрдэмтэн судлаачид оролцож санал, шүүмж өглөө.
Цуврал хэлэлцүүлгийн дараагийн хэлэлцүүлэгт ХААН-ийн эдийн засаг-нийгмийн түүхийн өвөрмөц сонирхолтой асуудлуудыг авч үзэх тул түүх судлаач, суралцагч та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.