Түүхийн тэнхимийн багш судлаачид 2018-2022 онд суурь судалгааны төсөл хэрэгжүүлж, үр дүнд нь “Сум-нэгдлийн тогтолцоо” бүтээл хэвлүүлсэн билээ. Тус бүтээлд эзэмшил газар ба харъяалах хүн ам нь давхацсан захиргаа-аж ахуйн хосолмол удирдлага бүхий сум-нэгдлийн тогтолцооны мөн чанарыг малчин өрх-нэгдэл-улс гэсэн гурван түвшинд авч үзэж, түүний эрх зүйн орчин, хөдөлмөр зохион байгуулалт, мал аж ахуйн үйлдвэрлэл, газрын харилцаа, эдийн засгийн үр ашиг, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг дайчлах улсын бэлтгэлийн систем, малчдын боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудал гэсэн үндсэн сэдвийн хүрээнд судлан тодорхойлсон юм.
Түүхийн тэнхимээс энэ бүтээлийн үр дүнг академик хүрээнд цуврал хэлбэрээр хэлэлцүүлэхээр төлөвлөсөн бөгөөд анхны хэлэлцүүлгийг 2023 оны 11-р сарын 2-нд Профессорын семинарт зохион байгуулав. Тус семинарт Түүхийн тэнхимийн профессор П.Дэлгэржаргал “Сум-нэгдэл: Захиргаа-аж ахуйн тогтолцоо” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн бөгөөд түүний илтгэл “сум-нэгдлийн тогтолцоо”-ны онол, арга зүйн чухал асуудлыг хөндөж хүрэлцэн ирж сонирхсон эрдэмтэн судлаач, оюутан суралцагчдын дунд халуун маргаан өрнүүлэв.
Цуврал хэлэлцүүлгийн дараагийн хэлэлцүүлэгт ХААН-ийн эдийн засаг, нийгмийн түүхийн өвөрмөц сонирхолтой асуудлуудыг авч үзэх тул түүх судлаач, суралцагч та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.