“Ойрхи Дорнодоос Монгол руу: Монголын болон Монголын эзэнт гүрний түүхийн талаарх Монгол, Израилийн судлаачдын уулзалт” сэдэвт хэлэлцүүлэг 9-р сарын 6-ны өдөр МУИС-ийн II байрны 439 тоот танхимд амжилттай зохион байгуулагдав.
Хэлэлцүүлэгт оролцохоор МУИС-ийн Түүхийн тэнхим, Антропологи Археологийн тэнхимийн багш оюутнууд, Йерусалем дахь Хебреугийн их сургуулийн эрдэмтэн судлаачид болон түүх сонирхогч олон хүмүүс хүрэлцэн ирсэн байв.
Хэлэлцүүлэгт эрдэмтэд түүх, археологийн салбарын зургаан сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлжээ. Түүхийн чиглэлээр, МУИС-ийн Түүхийн тэнхимийн профессор П.Дэлгэржаргал “Торгоны зам: Хүннү ба Юэчжи”, Хебреугийн их сургуулийн профессор, нэрт эрдэмтэн Реүвен Амитай “Монголчууд ба Газар дундын тэнгис: Өмнөх асуудлуудыг эргэцүүлэх нь”, мөн тус их сургуулийн профессор Михал Биран “Монголын Еврази дахь шилжилт хөдөлгөөн ба өөрчлөлт хувиралт” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн бол археологийн чиглэлээр, МУИС-ийн Археологи, Антропологийн тэнхимийн профессор У.Эрдэнэбат “Өрнө ба Дорно дахины олдвор ба мэдлэг: Харбалгас ба Хархорум хотуудаас олдсон соёлын харилцаанд холбогдох археологийн баримтууд”, тус тэнхимийн багш, доктор Б.Жаргалан “Монголын эзэнт гүрний үеийн суурьшлын археологи”, Хебреу их сургуулийн профессор Гидеон Шелач-Лави “Монголын тал нутаг дахь их хэрмийн археологийн судалгаа” сэдэвт илтгэл хэлэлцүүлж санал шүүмж өрнүүлэв.
Хэлэлцүүлгийн дараа Израиль судлаач нарыг МУИС-ийн ректор Ч.Бадарч, ХУС-ын дэд захирал Н.Алтантөгс нар хүлээн авч уулзан хамтран ажиллах санал солилцсон юм.