ГАЗАРЗҮЙН ТЭНХИМИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ
МУИС-ийн ректорын 394 тоот тушаалаар Газарзүйн тэнхимийн үндэс суурь нь 1956 онд Багш нарын факультетийн бүрэлдэхүүнд байгуулагдсан цагаас эхлэлтэй бөгөөд Багш нарын факультет нь 1958 оноос Байгалийн ухааны факультет болон өөрчлөгджээ. 1960 оны 4-р сарын 11-нд МУИС-д Геологийн салбар байгуулагдаж, 1967-1970 онд Геологи – Газар зүйн Факультет гэж нэрлэгдэж байлаа. 1970 онд МУИС-иас Политехникийн Дээд Сургууль салахад Геологийн салбар Политехникийн Дээд Сургуульд, Газар зүйн салбар МУИС-ийн БУФ-д харьяалагдах болсон бөгөөд 1992 онд МУИС-д Геологийн салбар нээгдсэнээр дахин нэгдсэн байна. МУИС-ийн хэмжээнд 1991-1992 онд сургалтын түвшинд бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын системд шилжин, сургалтын төлөвлөгөө боловсруулан, оюутан магистрант элсүүлж эхэлсэн. Газарзүйн тэнхимийн магистрын сургалтанд гадаад, дотоодын их дээд сургуулиудад бакалаврын түвшний боловсрол эзэмшсэн мэргэжилтнүүдээс гадна, тус салбарын үе үеийн төгсөгчид мөр зэрэгцэн суралцаж, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэн, амжилттай төгсөн гарч улс орныхоо боловсрол шинжлэх ухаан үйлдвэрлэлийн бүхий л салбарт ажиллахаас гадна МУИС-ийн болон гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад докторын зэрэг хамгаалж байна. Мөн 1992 оноос эхлэн аялал жуулчлалын менежментийн чиглэлээр бакалаврын түвшний анги нээн элсэлт авч эхэлсэн бол 1997 онд Газрын менежментийн ангийг шинээр нээн хичээллүүлж эхэлсэн. Хөрс судлалын чиглэлээр 1992 онд газарзүйн ангийн харьяанд хөрс судлаач мэргэжилтэн бэлтгэн төгсгөсөн бөгөөд түүнээс хойш завсарлаж байгаад 2007-2009 онд 3 удаагийн төгсөлт хийжээ. 1998 он хүртэл БУФ-д харьяалагдаж байсан тус тэнхим нь 1998 оноос Газарзүй–Геологийн Факультет бие даан байгуулагджээ. 2004 онд факультетийн дэргэд Геоэкологи–Газрын менежментийн тэнхим шинээр байгуулагдаж 3 тэнхимтэй болон өргөжсөн байна. Улмаар 2008 онд Газарзүй–Геологийн сургууль болон өргөжиж, 2009 оны 2-р сарын 9-ны өдрийн МУИС-ийн Захирлын тушаалаар Физик Электроникийн Сургуульд харьяалагдаж байсан Цаг уур, ус судлалын салбар тус факультетийн бүрэлдэхүүнд харьяалагдах болсноор факультетийн бүтэц шинэчлэгдэн Газарзүйн салбарт Газарзүй-Аялал жуулчлалын тэнхим, Хот төлөвлөлт-Газар зохион байгуулалтын тэнхим, Геоэкологи Орчин судлалын тэнхимүүд байгуулагдаж байжээ. 2011 оны 9-р сараас Газарзүй Геологийн Сургууль өргөжиж, Газарзүй-Аялал жуулчлалын тэнхимээс Аялал жуулчлалын тэнхим бие даан зохион байгуулагдаж 2013 оныг хүртэл Газарзүйн салбар 4 тэнхимтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан. 2013 онд явагдсан МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн ажлын хүрээнд ШУС-ийн Байгалийн ухааны салбарын газарзүйн тэнхим болж одоогоор Газарзүй, Багш, байгалийн ухааны боловсрол /Газарзүй/, Аялал жуулчлал, Газар зохион байгуулалт, Хот ба бүс нутаг төлөвлөлт, Байгаль орчныг зайнаас тандан судлал гэсэн мэргэжлийн 6 хөтөлбөртэйгөөр сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлаа амжилттай явуулж байна.