Ази судлалын тэнхимийн зөвлөх профессор Т.Мөнхцэцэг Монгол улсын Гавьяат багш цол хүртлээ

Ази судлалын тэнхимийн зөвлөх профессор Т.Мөнхцэцэг, XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жилийн сар шинийн босгон дээр Монгол улсын ерөнхийлөгчийн 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар зарлигаар Монгол улсын Гавьяат багш цол хүртлээ. Профессор Т.Мөнхцэцэг 1978 оноос ШУА-ийн Түүхийн хүрээлэн, МУИС-ийн япон судлалын салбарт 50 орчим жил ажиллаж, Монгол улсад япон хэлтэй боловсон хүчин бэлтгэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулжээ.
Тэрээр 1996 онд “Япон дахь Монголын түүхийн судалгааны чиглэл хандлага” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалж, 2004 онд МУИС-ийн дэд профессор цол хүртжээ.
Т.Мөнхцэцэг багш япон хэлтэй мэргэжилтэн бэлтгэх нөр их ажлын хажуугаар Монгол дахь япон судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тэрээр “XIII-XIV зууны Монгол Японы харилцаа”, “Япон дахь монголын түүх судлал”, “Японы түүх”, “Монгол дахь Япон судлал”, “Япон орон судлал” зэрэг бүтээл гаргахын зэрэгцээ гадаад дотоодын мэргэжлийн сэтгүүл, хамтын бүтээлд 40 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлжээ. Мөн Монголын түүх соёлыг гадаадад түгээх, сурталчлахад мэдлэг оюунаа зориулж ирсэн билээ.
Түүнчлэн орон судлалын бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын хөтөлбөрийг анхлан боловсруулах ажлыг зохион байгуулж, япон судлалын чиглэлээр 20 гаруй магистрант, докторант удирдаж амжилттай хамгаалуулсан байна. Гавьяат багш Т.Мөнхцэцэгийг МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, Судалгаа хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор С.Гомбобаатар, ШУС, ХУС-ын захирал, доктор Г.Элдэв-Очир, Ази судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Д.Ундрах нар хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Боловсролын сайд, МУИС-ийн япон судлалын салбарын төгсөгч, доктор П.Наранбаяр оролцож мэндчилгээ дэвшүүллээ. Мөн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар болон Ази судлалын тэнхимийн хамт олон хүлээн авч баяр хүргэв.
Таны цаашдын сурган хүмүүжүүлэх их үйлсэд улам их амжилт хүсэн ерөөхийн зэрэгцээ амьдралд тань аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МУИС, ШУС, ХУС
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ