БНЭУ-аас Монгол улсад суугаа элчин сайд М П Сингх “Энэтхэг-Монголын орчин үеийн дипломат харилцаа” сэдвээр хүндэтгэлийн лекц уншлаа
Философи, шашин судлалын тэнхим, Монгол дахь Энэтхэг судлалын төвтэй хамтран 2023 оны 11 дүгээр сарын 23-ны 14:20 цагт МУИС-ийн Номын сангийн 302 тоот танхимд Энэтхэг-Монголын дипломат харилцаа тогтоосны 68 жилийн ойд зориулан БНЭУ-ын элчин сайд М. П. Сингхийг урин “Энэтхэг-Монголын орчин үеийн дипломат харилцаа ” сэдвийн хүрээнд хүндэтгэлийн лекц зохион байгуулав. Лекцийн эхэнд Проф. С.Янжинсүрэн ФШСТ-ийн хөтөлбөрт Энэтхэгийн философи, шашин, соёлын тухай хичээлүүд багтдаг тухай дурдаад тус тэнхимийн багш нарын Энэтхэгийн философи, шашны талаар хийдэг судалгааны ажил, бүтээлүүдийг танилцуулав.
Монгол дахь Энэтхэг судлалын төвийн захирал, БНЭУ-д 18 жил элчин сайдаар суусан Др. О. Нямдаваа “Монгол, Энэтхэгийн өнө эртний хэлхээ холбоо” сэдвийн хүрээнд Монголчууд 3000 гаруй жилийн тэртээгээс Энэтхэгчүүдтэй бичиг үсэг, хэл соёл, утга зохиол, шашны харилцаатай явж ирснийг өгүүлж, Энэтхэг дэх монголжуу хүмүүсийн ахуй амьдрал, зан заншлын тухай сонирхолтой лекц уншлаа. Тэрбээр мөн 11 дүгээр сарын 23-нд Дорно дахины философи хичээл судалж буй оюутнуудтай “Монгол Энэтхэг: Оюун санааны хөршүүд болох нь” сэдвээр уулзалт хийсэн юм.
Хүндэтгэлийн лекцийг Энэтхэгийн элчин сайд М. П. Сингх “Энэтхэг-Монголын орчин үеийн дипломат харилцаа” сэдвийн хүрээнд уншиж, Монгол-Энэхтэгийн харилцаа шашин соёл, ардчилал, эдийн засгийн хөгжил, цахим технологи, батлан хамгаалах чиглэлээр хөгжиж буй талаар дурдаад, Монгол оюутан, залуучууд Энэтхэгт урт болоод богино хугацааны сургалтын хөтөлбөр, тэтгэлэгт хамрагдах боломжийн тухай танилцуулав.
Хүндэтгэлийн лекцийн төгсгөлд элчин сайд М. П. Сингх оюутнуудын сонирхсон асуултад хариуллаа. Тус арга хэмжээнд Энэтхэгийн их дээд сургуульд зочин багшаар ажиллаж байсан МУИС-ийн ахмад багш нар, Монголд сурч, ажиллаж, амьдарч байгаа энэтхэг иргэдийн төлөөлөл, МУИС-ийн оюутнууд оролцсон бөгөөд ФШСТ-ийн багш Б.Мөнхжавхлан (PhD) , С.Дэмбэрэл (докторант) нар эл үйл ажиллагааг зохион байгуулсан юм.