Академич, МУИС-ийн профессор Г.Лувсанцэрэнгийн нэрэмжит тэтгэлэг гардуулав
Академич, МУИС-ийн профессор Г.Лувсанцэрэнгийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол 2023 оны аравдугаар сарын 10-ны өдөр ШУС-ийн Философи, шашин судлалын тэнхимд боллоо. Энэ удаагийн тэтгэлгийг Шашин судлалын бакалаврын хөтөлбөрийн оюутан Б.Мөнхцолмон, А.Дөлгөөн нар гардан авлаа. Цаашид энэхүү тэтгэлгийг шашин судлалын салбарт тууштай суралцаж байгаа сургалт, эрдэм шинжилгээний ажилд амжилт гаргасан бүх түвшний оюутан авах боломжтой юм.
Тэтгэлгийн зорилго нь МУИС-д хэрэгжиж байгаа Шашин судлал, Буддын гүн ухааны хөтөлбөрийг тогтвортой байлгах, уг чиглэлээр суралцаж, ажиллаж байгаа залуу судлаачдыг урамшуулах явдал юм. Уг тэтгэлгийг академичийн гэр бүл 2008 оноос хойш олгож эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 30 оюутан хамрагдаад байна.
Энэ удаагийн тэтгэлэг гардуулах үйл ажиллагаанд академич Г.Лувсанцэрэн агсны хүү Л.Батжил, Философи, шашин судлалын тэнхимийн эрхлэгч, профессор М.Отгонбаяр, профессор С.Янжинсүрэн, ахлах багш О.Бумдарь, багш С.Дэмбэрэл, С.Бүжинлхам болон тус тэнхимийн оюутнууд оролцов. Тэнхимийн зүгээс Г.Лувсанцэрэн агсны гэр бүлд талархал илэрхийлэхийн хамт, тэтгэлэг гардан авсан оюутнуудад амжилттай суралцан, цаашид шашин судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийж, шашны тухай шинжлэх ухаанч мэдлэгийг нийгэм, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зэргээр Монголд шашин судлал, буддын судлалын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан академич Г.Лувсанцэрэн багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.