МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, ШУА-ийн хэл, зохиолын хүрээлэн, Улаанбаатар хот дахь Увс аймгийн Сагил, Түргэн сумдын нутгийн зөвлөлтэй хамтран Хархүүгийн Гаадан-100: түүх, шашин соёл, зохист аялгуун асуудлууд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав.
Монголын шашин, соёлын нэрт зүтгэлтэн, эрдэмтэн, хэл бичгийн ухааны доктор Хархүүгийн Гааданы амьдрал, бүтээл туурвилын талаар энэхүү хуралд хэлэлцсэн юм. Эрдэмтэн Х.Гаадан болвоос “Зохист аялгууны толин дахь адилтгал, зүйрлэл” хэмээх бүтээл, “Зохист аялгууны толь”-ийн уламжлалт монгол эхийн удиртгал тайлбар, “Мартуузай хэмээн өгүүлсэн элдэв зүйл”, “Хувилгаан Жавзандамба хутагтууд” хэмээх эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, дурдатгал, орчуулгын бүтээл олныг туурвиж буддын шашны соёл, судалгаа, оюуны санд томоохон хувь нэмэр оруулсан хүн билээ. Тэрээр эрдэмтний зэрэгцээ монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийг тэргүүлэн ажиллаж байсан нийгэм, соёлын зүтгэлтэн юм. Тэрээр шашин, сүм хийдийн эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэх, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, бие даасан байдлыг хангах, лам хуврагийн сургалт, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, шашин, соёлын үнэт өвүүдийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, гадаад харилцааг хөгжүүлэхэд анхаарал хандуулан Монголын буддын шашны институт, соёл, боловсролыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Тус хурлаар буддын судлалаар сургалт, судалгааны үйл ажиллагаа эрхэлдэг эрдэмтэн судлаачид Хархүүгийн Гааданы амьдрал, бүтээл туурвилд холбогдох агуулгаар сүүлийн үеийн судалгааны үр дүн, бүтээлээ хэлэлцүүлсэн. Тухайлбал Монгол Улсын ардын багш Л.Тэрбиш Гааданы багш Доржийн төвөд хэл заах болон сургах арга зүйн асуудлаар Дашчойлин хийдийн дэргэдэх Бурханы шашин соёл судлалын хүрээлэнгийн захирал, доктор Г.Мягмарсүрэн Х.Гаадан хамба зохист аялгууны утгын чимгүүдийг бүтээлүүддээ хэрхэн хэрэглэсэн талаар илтгэлээ. Тэрбээр Галдан бошгит, Ойрадын Зая Бандида Намхайжамц, диссертацийн удирдагч Б. Ринчен, бүтээлийн редактор академич Ц.Дамдинсүрэн нарт бүтээлээ зориулахдаа зохист аялгууны чимгүүдийг хэрхэн хэрэглэснийг эшлэн илтгэв. МУИС-ийн багш, доктор, дэд профессор Т.Булган гавж Х.Гаадан хамба нь тухайн үеийн монгол дахь шашин шүтлэгийн орчныг соргогоор мэдэрч эрхзүйн орчныг нь өөрчлөх асуудлыг хөндөж байсан тухай нотлох баримтыг үзүүлж илтгэлээ. Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор Д.Сумъяа ЭШХ-д АНУ-аас цахимаар оролцож Х.Гаадан хамбын судалсан Зохист аялгууны бүтээлүүдэд задлан шинжилгээ хийсэн илтгэл тавьсан. Философи, шашин судлалын тэнхимийн багш С.Дэмбэрэл, О.Бумдарь нар архивын баримтыг шинжилж, Х.Гаадан хамба иргэдийн сүсэг бишрэлийн хэрэгцээг хангахын тулд лам нарт ном судрыг хэрхэн цээжилж тогтоох, сурч, судлуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай илтгэл танилцуулсан юм. Эрдэмтэн, судлаач Р. Отгонбаатар Төвөд хэлийг Монголын түүх, соёлын судалгааны нэн чухал хэрэгсэл болохыг онцлон Гааданы өөрийн төвөд хэл заах арга зүйг боловсруулсан, өвөрмөц сургах арга бүхий байсныг өгүүлсэн юм. Ийнхүү олон судлаачид Гааданы намтар, бүтээл, үйл хэрэгт холбогдох түүх, шашин, соёл, хэлбичгийн өргөн агуулгаар эрдэм, бүтээлээ хуваалцсан ажил хэрэгч хурал боллоо хэмээн хурлыг зохион байгуулагчид үзсэн болно. Тус хурлын илтгэл бүрэн эхээрээ хэвлэгдэж нийтийн хүртээл болох юм.