ЭМГЭНЭЛ
МУИС-ийн Философи шашин судлалын тэнхимийн ахмад багш, доктор Оюуны Чимэг нь 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр таалал төгсөж, Монголын философи, шашин судлал, боловсролын салбар, хамт олон, шавь нарт нь нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
О.Чимэг нь 1956 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. 1974 онд Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн хоёрдугаар дунд сургууль төгсөж, улмаар тухайн үеийн ЗХУ-ын Ленинград хотын Улсын их сургуулийн Философийн факультетад суралцан 1979 онд төгссөн. О.Чимэг 1979-1997 онд ШУА-ийн Философи, социологи эрхийн хүрээлэнгийн Буддын судлалын салбарт эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаас эхлэн, эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар ажиллаж байгаад 1999 оноос МУИС-ийн Шашин судлалын тэнхимд багшаар ажиллаж, буддын философи, шашин судлалын сургалт, судалгаа, сурталчилгааны үйлсэд өөрийн мэдлэг чадвараа зориулсан юм. Тэрээр 2001 онд “Зонхавын “Бодь мөрийн зэрэг” дэх нийгмийн философийн үзэл санаа” сэдвээр философийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Доктор, дэд профессор О.Чимэг Монгол Улсын Их сургуульд “Бодь мөрийн зэрэг”, “Дэлхийн шашны түүх”, “Христос шашны түүх, сургаал”, “Буддын/шашны сурвалж судлал” “Төвөдийн шашны түүх онол”, “Овгийн шашин шүтлэг”, “Үндэстний шашнууд”, “Монголын нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүх” зэрэг хичээлийн хөтөлбөр боловсруулж, бакалавр, магистр, докторын түвшинд зааж байв. О.Чимэг 1986 онд ЗХУ-ын Шинжлэх ухааны Академийн Философийн хүрээлэн, тус хүрээлэнгийн Буриадын салбарын Нийгмийн ухааны хүрээлэн, 2002-2003 онд Энэтхэг улсын Дарамсала дахь Сарагийн Төвөд судлалын дээд сургуульд тус тус мэргэжил дээшлүүлсэн, БНЭУ-ын Делигийн их сургуульд зочин профессороор уригдан ажиллаж байжээ.
Тэрээр Зонхавын “Бодь мөрийн зэрэг”-ийн үзэл санаа ба энэ зохиолын холбогдолтой онолын асуудлуудаар нэгэн сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, Ницшегийн философи, шашны социологи, иудайзм, христос шашны үзэл, онолын сэдвээр эрдэм шинжилгээний 60 орчим өгүүлэл бичиж хэвлүүлэхийн сацуу, үндэсний хийгээд олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад өөрийн судалгааны ажлаар илтгэл хэлэлцүүлжээ. Доктор О.Чимэг философи, буддын гүн ухааны чиглэлээр олон бүтээлийг монгол хэлэнд орчуулсны дотор Энэтхэгийн Бодгая дахь Махабодхи сүмийн тухай зохиол, Ф.Ницшегийн “Заратустра тийнхүү ярьж байв”, “Христэд тэрслэгч”, “Эмгэнэлт жүжгийн үүсэл буюу эллин ёс ба гутрангуй үзэл” зэрэг бүтээлийг монгол хэлэнд орчуулан хэвлүүлж, сургалт судалгааны эргэлтэд оруулсан юм.
Доктор О.Чимэг багш маань эрдэм судлалын арвин туршлагатай, эрэл хайгуулч, бүтээлч сэтгэлгээтэй, эрхэлсэн ажил хүлээсэн үүрэгтээ чин сэтгэлээсээ ханддаг шилдэг сэхээтэн, философи, буддын судлал, шашин судлалын тэргүүлэх эрдэмтний нэг төдийгүй чамбай орчуулагч, нямбай судлаач, үлгэр жишээ хүмүүн байлаа. Түүний ажилч хичээнгүй, шударга, эгэл даруу зан төлөв, өгөөмөр нинжин сэтгэл нь бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухааны Сургууль
Хүмүүнлэгийн Ухааны Салбар
Философи Шашин Судлалын Тэнхим