МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн ахисан түвшний суралцагчдын эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 4-р сарын 20 өдөр зохион байгуулав.
Доктор, дэд профессор Ц.Нямсүрэн багшаар удирдуулсан Философи хөтөлбөрийн магистрант Д.Номин “Хувьслын биологиос урган гарах философи ухаарал” сэдэвт илтгэлээр хувьслын онолын хоёр гол шинж “хамтрах” болон “урвалт”-ын талаарх философи санааг энэ цаг үеийн хүний нийгмийн зарим нэг асуудалд анхаарч үзэх хэрэгцээний асуудлыг хөндсөн нь сонирхол татаж байв.
Доктор, профессор С.Янжинсүрэн багшаар удирдуулан Шашин судлал хөтөлбөрийн магистрант Д.Ринчендорж “Цагаан өвгөн шүтээнийг “Газар усныг номхотгон чадагч” судраас тодруулах нь” сэдэвт илтгэлдээ тод үсгээр бичсэн “Газар усныг номхотгон чадагч” хэмээх судраас Цагаан Өвгөний дүр, дүрслэлийг тодруулж, мөн Цагаан өвгөн нь буддын шашин дахь шашныг хамгаалагч, номыг тэтгэгч сахиус болох тухай саналыг дэвшүүлэв.
Шүүгч багш нар Ахисан түвшний оюутнуудын хэлэлцүүлсэн судалгааны ажлуудын сэдэв сонголт, бичлэг найруулга сайн, эрдэм шинжилгээний шаардлагад нийцсэн болохыг онцлов.