ӨНӨӨГИЙН ФИЛОСОФИ БА СОЁЛЫН ЭРХ
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
ХУРЛЫН ЗОРИЛГО:
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-оос жил бүр 11 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн Пүрэв гарагийг Дэлхийн философийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ удаагийн Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, ШУА-ийн Философийн хүрээлэн хамтран “Өнөөгийн философи ба соёлын эрх” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байна. Нийгэм улс төр, боловсрол, итгэл үнэмшлийн системд хамааралтай философи асуудлаар судалгаа хийдэг эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, холбогдох онол, арга зүйн шинэ чиг хандлага, тулгарч буй сорилт, дэвшүүлж буй үндэслэлийн талаар хэлэлцэх, түгээхэд уг хурлын зорилго оршино. Соёлын эрх гэдэг нь хувь хүн, олон нийтийн соёлын өвөрмөц байдал, зан үйл, илэрхийлэлд чөлөөтэй оролцох, хөгжүүлэх, хадгалах эрхийг хэлнэ. Эдгээр эрхүүд нь соёлын бүлгүүдийн өвөрмөц байдал, залгамж чанарт салшгүй холбоотой хэл, шашин шүтлэг, урлаг, зан заншил, амьдралын хэв маяг зэрэг өргөн хүрээний үйл ажиллагаа, уламжлалыг хамардаг. Үүний тулд “Соёлын эрх ба нийгэм улс төр”, “Ёс зүй, гоо зүй ба үнэлэмж”, “Хүний оршихуйн үнэ цэн ба шашин”, “Боловсролын өөрчлөлт ба философи” гэсэн дэд сэдвүүдийг санал болгож байна. Өнөө цагийн нийгэм соёлын нарийн төвөгтэй асуудлыг ойлгож, шийдвэрлэхэд философийн гүйцэтгэх үүрэг, түүний эзлэх байр суурь, бий болгох нөлөөллийн талаар салбар дундын шинжтэй, бүтээлч, шүүмжлэлт хэлэлцүүлэг өрнүүлэх бололцоог харгалзан дээрх сэдвүүдийг онцлов. Эрдэмтэн судлаач, багш та бүхнийг энэхүү эрдэм шинжилгээний хуралд сүүлийн үеийн судалгаа, бүтээлч санаагаа хуваалцан оролцохыг урьж байна.
ХУРЛЫН ДЭД СЭДВҮҮД:
Соёлын эрх ба нийгэм, улс төр: Нийгэм улс төрийн философи, ардчилал, зүй ёс, хүний эрх, даяарчлал ба үүний нөлөөлөл, соёлын олон янз байдал, мултикултурализм болон бусад холбогдох сэдэв
Ёс зүй, гоо зүй ба үнэлэмж: Норматив ба хэрэглээний ёс зүй, урлагийн философи ба гоо зүйн онол, үнэлэмжийн онол болон соёлын философийн холбогдох асуудлууд
Хүний оршихуйн үнэ цэн ба шашин: Шашин ба шашны тухай философи, шашны экзистенциализм, хүний амьдралын зорилго, сайн сайхан байдал болон бусад холбогдох сэдэв
Боловсролын философи, боловсролд философийн гүйцэтгэх үүрэг, боловсролын өөрчлөлт, боловсрол дахь тэгш байдал, зүй ёсны асуудал болон бусад холбогдох сэдэв
ИЛТГЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА:
Хуралд оролцогчдын мэдүүлэг, хураангуйг 2024 оны 10 сарын 15-ны дотор s.bujinlkham@num.edu.mn хаягаар хүлээн авна.
Зохион байгуулах ажлын хэсэг мэдүүлэг, хураангуйг үнэлсний үндсэн дээр хурлын хөтөлбөрт тусгана. Илтгэгч нарт хариуг 2024 оны 10 сарын 22-ны дотор мэдэгдэнэ.
Илтгэлийг бүрэн эхээр нь 2024 оны 11 сарын 02-ноос 11 сарын 09-ний дотор s.bujinlkham@num.edu.mn хаягаар хүлээн авна.
Харилцах утасны дугаар: 99710703, 89449218
ИЛТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Илтгэлийг хэвлүүлээгүй, өөр хуралд хэлэлцүүлээгүй байна.
Хурлын дэд сэдвүүдийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх зохистой шийдлийг санал болгож, шинэлэг санаа дэвшүүлж, дүгнэлт хийсэн судалгаа болон танин мэдэхүйн ач холбогдолтой байна.
Илтгэлийн эхэнд илтгэлийн сэдэв, зохиогч(д)-ийн овог нэр, эрдмийн зэрэг, цол, эрхэлж буй ажил, цахим хаягийг бичнэ.
Илтгэлийн бүтэц нь сэдэв, түлхүүр үг (4-6), хураангуй (150-400 үгтэй), оршил, үндсэн агуулга, дүгнэлт, номзүй, хавсралт гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Илтгэлийг UNICODE ашиглаж, “Times New Roman” фонтоор 12 pt үсгийн өндөртэй, мөр хоорондын зай 1, А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод, баруун талаас 2,5 см, зүүн талаас 3 см зай аван, нийт 8-10 нүүрэнд багтаан бичнэ.
Илтгэлийн эшлэл, ном зүйг АРА загварыг баримтлан бичнэ.
Хүснэгт татаж авах холбоос: https://drive.google.com/file/d/1QRwDjhGHoHu-0hDsfTI0rwfXwTUReHhL/view
Хэзээ: 2024 оны 11 дүгээр сарын 21
Хаана: МУИС-ийн Багш оюутны хөгжлийн төвийн 502 тоот танхим
ШУА-ийн Философийн Хүрээлэн
МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Философи Шашин судлалын тэнхим
Хурлын талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл https://sites.google.com/view/wpdim цахим хуудсаар зочилно уу.