Философи, шашин судлалын тэнхимээс 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулсан их семинарт нийт 15 их, дээд сургууль, судалгааны хүрээлэн тухайлбал, МУИС, МУБИС, ШУТИС, АШУШИС, ХААИС, БХИС, ДХИС, СУИС, СЭЗИС, ОТИС, ХИС, МУИС-ийн баруун бүсийн салбар сургууль, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль зэрэг төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн багш нар, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаач нар оролцжээ.
Семинарт Философи, шашин судлалын тэнхимийн эрхлэгч, профессор М.Отгонбаяр “ Пост үе дэх Эпистемологийн төлөв байдал” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлэв. Онолын мэдлэгийн салбарт ХХ зууны хоёрдугаар хагасаас шилжин орсон оюун санааны үеийг Пост үе хэмээдэг билээ. Энэ үеийн Философийн онол, түүний дотор Эпистемологи/Танин мэдэхүйн онол/-ийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлууд, шинээр гарч буй үзэл баримтлалуудын талаар уншсан лекцийн дараа оролцогчдоос олон сонирхолтой асуулт дэвшүүлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Мөн МУИС-иас эрдэм шинжилгээний сэтгүүлийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагаа, Философи, Шашин судлал мэргэжлийн сэтгүүлийн талаар мэдээлэл өгчээ.
Цаашид философи, шашин судлалын мэргэжлийн нийгэмлэгийнхэн шинэ үзэл баримтлал, шинэ ном бүтээл, сэдэв болон хичээлийн хөтөлбөр агуулга, арга зүйн шинэчлэлтийгн талаар санал солилцох, мэтгэлцэх, хамтран ажиллах зорилгоор Их семинарыг тогтмол зохион байгуулах, хэлэлцэх асуудлын хүрээ, хуваарийг гаргасан байна.