Эрхэм зорилго:
Бүртгэл, санхүүгийн мэдээллийг боловсруулж, даяаршсан бизнесийн орчинд ажиллах, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх сургалт судалгааны нэгж байна
Товч танилцуулга:
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим нь МУИС-ийн Орхон сургуулйн эдийн засаг, бизнесийн удирдлагын салбарын ууган тэнхимүүдийн нэг бөгөөд Гэгээрлийн сайдын 2000 оны 05-р сарын 18-ны өдрийн 194 тоот тушаалаар “Нягтлан бодох бүртгэл”-ийн мэргэжлийн ангийг нээн 2000-2001 оны хичээлийн жилд 57 оюутан элсүүлж сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.
МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуулийн 2002 оны 08-р сарын 29-ний өдрийн захирлын 37 тоот тушаалаар Нягтлан бодох бүртгэлийн тэнхим бие даасан сургалт, судалгааны нэгж болон зохион байгуулсан. Анхны тэнхимийн эрхлэгчээр Н.Мөнхцацрал, анхны нягтлан бодох бүртгэлийн багшаар Б.Жаргалсайхан нар ажиллаж байв.
Мөн БСШУ-ны сайдын 2003 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 181 тоот тушаалаар “Нягтлан бодох бүртгэл” хөтөлбөрийн эчнээ сургалтыг эрхлэх зөвшөөрөл авч, мэргэжилтэн бэлтгэж эхэлснээс хойш өдгөө 16 жил болжээ.
Түүнчлэн 2006 оноос орон нутгийн иргэдийн эрэлт хэрэгцээ, нийгмийн захиалгад нийцүүлэн МУИС-ийн ЭЗС-тай хамтарсан магистрын түвшний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд сургалтыг МУИС-ийн Орхон сургууль дээр зохион байгуулж, судалгааны ажлыг МУИС-ийн ЭЗС дээр хэлэлцүүлж, улмаар МУИС-ийн ЭЗС-ийг Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй төгсөх боломжийг бий болгосон бол 2011 оноос МУИС-ийн Төгсөлтийн дараах сургуулийн журамд нийцүүлэн магистрын сургалтыг бие даан эрхлэх болсон байна.
Тэнхим 2004 онд анхны мэргэжилтэй боловсон хүчнийг төгсгөн хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж эхэлснээс хойш өнөөг хүртэлх хугацаанд 1,468 мэргэжилтэй болсон хүчин бэлтгэн гаргаад байна. Үүний 1,399 нь бакалаврын зэргээр, 69 нь магистрын зэргээр төгссөн ба бакалаврын төгсөгчдийн 845 нь өдрийн хэлбэрээр (үүнээс 51 нь “Банкны эдийн засаг, нябо” хөтөлбөрөөр төгсөгчид), 554 нь эчнээ хэлбэрээр суралцан төгссөн байна. Төгсөгчдийн ажил эрхлэлт 65% орчим байна.
2016-2017 оны хичээлийн жилд “Нягтлан бодох бүртгэл” хөтөлбөрөөр бакалаврын I-IV түвшиний өдрийн сургалтаар 69 оюутан, эчнээ сургалтаар 56 оюутан, “Банкны эдийн засаг, нябо” хөтөлбөрөөр бакалаврын VI түвшний өдрийн сургалтаар 27 оюутан суралцаж байгаа бол “Нягтлан бодох бүртгэл” магистрын хөтөлбөрт 50 орчим суралцагч суралцаж байна.
Багшлах бүрэлдэхүүн:
2016-2017 оны хичээлийн жилд тус тэнхим нь 10 багш, 1 хичээлийн туслах ажилтантайгаар сургалт, судалгааны ажлыг зохион байгуулан явуулж байгаа бөгөөд бүх багш, ажиллагсад магистрын зэрэгтэйгээс гадна 70% нь докторантурт суралцаж байна. Мөн багш нарын 90% нь Мэргэшсэн Нягтлан Бодогч, 40% нь Аудитор, 20% нь Мэргэшсэн Хөрөнгийн Үнэлгээчин, 10% нь Мэргэшсэн Дотоод Аудитор, 60% нь Татварын Мэргэшсэн Зөвлөх багш нар байна.