БИДНИЙ ТУХАЙ

Боловсрол, сэтгэл судлалын тэнхим нь бакалаврын зэрэгтэй мэргэжлийн сэтгэл судлаач, түүнчлэн сэтгэл судлалын болон боловсрол судлалын магистр, доктор бэлтгэх шаталсан сургалтыг хэрэгжүүлдэг улсын хэмжээний суурь тэнхим, сэтгэл судлалын шинжлэх ухааны сургалт-судалгааны гол төв юм.

Боловсрол, Сэтгэл судлалын тэнхим нь 1954 оны 7-р сарын 25-нд “Сурган хүмүүжүүлэх ухаан”-ы тэнхим нэртэйгээр байгуулагдсан билээ.

Байгуулагдсан цагаасаа хойш 1990 оныг хүртэл тэнхимийн багш нар багшлах мэргэжлийн бүх ангид  сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухаан, сургуулийн эрүүл ахуйн хичээлүүдийг зааж, улсын шалгалт авч байжээ.  1990 оноос хойш МУИС-ийн философи, улс төр судлал, аялал жуулчлал, сэтгүүл зүй, социологи, нийгмийн ажилтан, шашин судлал, түүхийн ангиудад нийгмийн сэтгэл судлал, удирдлагын сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал, хуулийн сэтгэл судлал, харилцааны сэтгэл судлал, улс төрийн сэтгэл судлалын хичээлүүдийг тус тус нэмж заасан байна.

1992-1993 оны хичээлийн жилээс сэтгэл судлалын салбарыг шинээр нээн анхны элсэлтээ авч сэтгэл судлаач, сэтгэл судлалын багш мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн юм. 2001-2002 оны хичээлийн жилээс боловсрол судлал, сэтгэл судлалын салбараар магистр, докторын түвшний сургалт зохион байгуулж, олон залуу судлаачдыг бэлтгэж байна.

Манай тэнхим их, дээд сургуулийн сурган хүмүүжүүлэх зүйн асуудлыг судлан хөгжүүлсээр ирсэн бөгөөд 1964-1990 онуудад бүх их, дээд сургуулийн багш нарыг хамарсан 1 жилийн байнгын курс байгуулж их, дээд сургуульд багшлах эрхтэйгээр олон зуун багшийг төгсгөж байсан. 1990 оноос  их, дээд сургуулийн багш нарт зориулсан 10 багц цагийн «Сургах зүйн боловсрол олгох дээд курс» болгон өөрчилж, Улаанбаатар, Ховд, Эрдэнэт, Дархан зэрэг хотуудад сургалтыг зохион байгуулж байсан юм. 2009-2016 онуудад энэхүү сургалтанд нийтдээ 526 багш хамрагдаж багшлах эрхийн үнэмлэх авсан байна.

Манай тэнхим нь доктор, профессор багш 3, доктор, дэд профессор багш 4, доктор багш 1, докторант багш 3, магистр багш 1 болон туслах ажилтан 1, нийт 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Боловсрол, Сэтгэл судлалын тэнхимийн багш нар сэтгэл судлалын онолын болон хэрэглээний салбараар судалгааны ажлууд хийхээс гадна гадаад, дотоодын санхүүжилттай төслийн ажилд тогтмол оролцдог. Түүнчлэн боловсролын болон сэтгэл судлалын шинжлэх ухааныг сурталчлан түгээх, шинжлэх ухааны онолын болон судалгааны ажлын үр дүнг амьдралд хэрэгжүүлэх зорилгоор байгууллага хамт олонд сургалт зохион байгуулах, хувь хүн, бүлэг, хамт олонд сэтгэл зүйн оношлогоо судалгаа хийх, мэргэжлийн зөвлөгөө өгөх, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, өдөр тутмын сонин сэтгүүлд ярилцлага өгөх, нийтлэл хэвлүүлэх зэрэг олон төрлийн үйл ажиллагааг явуулсаар байна.

2014-2015 оны хичээлийн жилд сэтгэл судлалын бакалаврын мэргэжлийн хөтөлбөрөө Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлүүллээ.

Магадлан итгэмжлэлийн гэрчилгээ

Тэнхмээс жил бүр боловсрол, сэтгэл судлалын чиглэлээр үндэсний хэмжээний Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулан, “Боловсрол судлал” эрдэм шинжилгээний сэтгүүлийг тогтмол гаргадаг бөгөөд тэнхимийн болон бусад их дээд сургуулийн багш, доктор, магистрын түвшний оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны өгүүллийг нийтлэн олны хүртээл болгож байна.

“МУИС-ийн Боловсрол, Сэтгэл судлалын салбарыг төгсөгчдийн холбоо” нь 2016 оны 5-р сарын 06-ны өдөр үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэрээр байгуулагдсан. Энэхүү холбоо нь Боловсрол, Сэтгэл судлалын салбарын нийт төгсөгчид харилцан мэдээлэл солилцох, мэдлэг, туршлага, чадвараа хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсрол, сэтгэл судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах эрхэм зорилготой.

МУИС-ийн Боловсрол, Сэтгэл судлалын салбарыг төгсөгчдийн холбооны гишүүд

Боловсрол, Сэтгэл судлалын тэнхим нь ГОУХАН (GIZ) дэмжлэгтэйгээр МУИС дээр “Ажил мэргэжил судлал” салбар дундын мэргэжлийн магистрын хөтөлбөрийг НУС-ын Улс төр судлал, Социологи-Нийгмийн ажлын тэнхимийн багш нартай хамтран хэрэгжүүлж байна.