Монголын япон хэлний багш нарын холбоо, МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимийн япон судлалын хамт олны хамтран бүтээсэн “Монголын япон судлалын ном зүй” (2024) номын нээлт 2024 оны 12 дугаар сарын 13-ний өдөр МУИС-ийн 2-р байрны 439 тоот хурлын танхимд боллоо.
Эл бүтээлд Монгол улсад хийгдсэн Япон судлалын 1300 орчим бүтээлийг нэгтгэн бүртгэсэн бөгөөд Япон орон судлалын ном зүй, Япон хэл шинжлэлийн ном зүй, Япон хэлний боловсрол судлалын ном зүй гэсэн 3 бүлэгт ангилсан байна. Түүнчлэн ном зүйд орсон бүтээлийн хувьд нэг сэдэвт зохиол, диссертаци, ном, эрдэм шинжилгээний өгүүлэл, эрдэм шинжилгээний илтгэл, магистрын судалгааны ажил зэрэг байна.
Уг номын нээлтийн ёслолд Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Кондоо Казүмаса, Соёл мэдээллийн хэлтсийн атташе Морияма Масами, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын захирал доктор Н.Алтантөгс, МУИС-ийн Ази судлалын тэнхимийн зөвлөх профессор, доктор Т.Мөнхцэцэг, дэд профессор, доктор Ц.Дэлгэрэхцэцэг, Монголын япон хэлний багш нарын холбооны тэргүүн Э.Батжаргал, дэд тэргүүн доктор, профессор Ц.Пүрэвсүрэн нар болон ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, МУИС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхим, Европ судлалын тэнхим, Нагоягийн хууль эрхзүйн төв, МУБИС-ийн НХУС-ийн Дорно дахины хэлний тэнхим, ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Ази судлалын салбар, Соёл эрдэм дээд сургуулийн Япон хэлний тэнхимийн эрдэмтэн багш нар оролцлоо.
Монгол улсад Япон судлалаар гарсан бүтээлийг тоймлон гаргах, судалгааны эргэлтэд оруулах нь хоёр орны харилцаа өндөр түвшинд хөгжиж буй өнөө үед нэн чухал бөгөөд бүтээлийн тоймыг нэгтгэн гаргаснаар Япон орон судлал, мөн япон хэлний сургалт төдийгүй багшлах боловсон хүчин бэлтгэх, судлаачдын судалгааны ажилд ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна.
МУИС, ШУС, ХУС
Ази судлалын тэнхим