Турк орон судлал хөтөлбөрийн IV ангийн оюутнууд 2024 оны 06-р сарын 03-наас 14 хоногийн хугацаатай гүйцэтгэсэн хээрийн дадлага судалгааны ажлаа 2024 оны 10-р сарын 29-ний өдөр амжилттай хамгааллаа. Энэхүү хамгаалалтанд хээрийн дадлага, судалгааны ажлыг удирдсан Ази судлалын тэнхим багш, доктор, дэд проф. Н.Гэрэлмаа, дадлагажигч багш Т.Загарпэрэнлэй нараас гадна доктор, дэд проф. Б.Аззаяа, тэнхимийн туслах ажилтан Б.Мөнхзаяа нар оролцлоо.
Тус ангийн оюутнууд хээрийн дадлага судалгааны ажлын тайлангаа дадлагын хугацаанд очиж, судалгаа хийсэн дурсгалт газруудын хүрээнд руни бичгийн дурсгал, музей, хотын суурингийн туурь, археологийн малтлага, хадны зураг, зэл чулуу, буган чулуун хөшөө, хүн чулуун хөшөө зэрэг сэдвээр ангилан судалсан байна.
Энэ жилийн хээрийн дадлага, судалгааны ажил нь өргөн сэдвийг хамарсан, практик ач холбогдолтой, шинэлэг санаа дэвшүүлсэн үр өгөөжтэй боллоо. Мөн монголын бичгийн хэлний сонгодог дурсгал болох Цогтын хадны бичээсийн /Дуутын хадны бичээс/ 400 жилийн ойг тохиолдуулан тус дурсгалт газарт очиж танилцахдаа өөрсдийн гараар авсан их, дунд бичээсийн дардасыг тэнхимдээ хадгалууллаа.
IV ангийн оюутнууддаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашдын сурлага, судалгаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
ШУС, ХУС
Ази судлалын тэнхим