МУИС-ийн ШУС, Хүмүүнлэгийн Ухааны Салбар, Ази судлалын тэнхим болон Улаанбаатар хот дахь БНТУ-ын элчин сайдын яам хамтран зохион байгуулсан “Миний мэдэх Турк орон эсээ” бичлэгийн уралдааныг 2024 оны 03-р сарын 01-нээс 03-р сарын 31-нийг хүртэлх хугацаанд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зарласан билээ.
Тус эсээ бичлэгийн уралдаанд Монгол Улсын 15 аймаг, нийслэлийн 6 дүүргээс нийт 68 сурагч оролцлоо. Уралдаанд ирүүлсэн нийт эсээг хоёр үе шаттайгаар шалгаруулсан бөгөөд ерөнхий шүүгчээр МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Ганболд, гишүүдийн бүрэлдэхүүнд МУИС, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Г.Нарантунгалаг, Боловсролын ерөнхий газрын Монгол хэл хариуцсан арга зүйч Б.Цасанчимэг нар ажилллаа.
Шүүгчид сүүлийн шатанд шалгарсан 10 эсээг сурагчдын нэрийг нууцлан тусгай кодоор дугаарлан уншиж танилцан найруулга, бүтэц, эхийн санаа, эхийн хэв маяг, уран сайхны найруулга, агуулга, эх сурвалж, үгийн тоо зэрэг үзүүлэлтээр тус бүр оноо өгч шагналт байруудыг шалгаруулав.
1-р байрт Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн 11а ангийн сурагч Эрдэнэбатын Сод-Эрдэнэ,
2-р байрт Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн 12б ангийн сурагч Пүрэвдаваагийн Нандинцэцэг,
3-р байрт Нийслэлийн Ерөнхий боловсролын 62-р сургуулийн 11в ангийн сурагч Золзаяа овогтой Гүнзээ,
Тусгай байрт Баянхонгор аймгийн Номундалай цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч Нэмэхбаяр овог Номин-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.
Шагналыг МУИС-ийн Ази судлалын тэнхимийн эрхлэгч Доктор, дэд проф. Г.Элдэв-Очир, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал Доктор, профессор Д.Ганболд болон БНТУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Зафер Атеш, түүний гэргий хатагтай Айла Атеш нар гардуулав.
Тус эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулахад дэмжин ажилласан МУИС-ийн ШУС-ийн захиргаа, Ази судлалын тэнхим, Түрэг судлалын салбар болон БНТУ-ын Элчин сайдын яамны нийт хамт олонд халуун талархал илэрхийлэе.
Мөн уралдаанд идэвхтэй оролцсон нийт сурагчдадаа эрдэм номын улам их амжилтыг хүсэн ерөөе.
МУИС, ШУС, Хүмүүнлэгийн Ухааны Салбар
Ази судлалын тэнхим