МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази Судлалын тэнхимийн хятад судлалын багш оюутан жил бүр зохион явуулдаг уламжлалт Хятад хэл соёлын өдөрлөг “Хээрийн хичээл”-ийг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын хоёр дахь том төгөл болох “Нөхөрлөлийн ой”-д хийлээ. Энэ хаврын хэл соёлын өдөрлөг “Хээрийн хичээл” нь “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” сэдвийн хүрээнд багш оюутан хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, байгальд Хятадын соёл, ахуй, мод ургамал тариалах уламжлалын талаарх мэдлэгээ сайжруулж, түүгээрээ дамжуулан хятад хэл соёлоос суралцах зорилготойгоор зохион байгуулагдав.
Энэхүү өдөрлөгийн үеэр хятад судлалын салбарынхан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-д төрөлх сургуулиа манлайлан нэгдэж, шинэс, монос, хуайсын суулгац нийт 120 мод тарьж, өөрсдийн төгөлтэй болцгоолоо. Энэ ажлыг зохион байгуулахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Г.Батхүү, ЗГХА Ойн Газрын ахлах мэргэжилтэн Б.Өсөхбаяр нар “Нөхөрлөлийн Ой” –д мод тарих ажилд зөвлөн дэмжсэнд талархаж байна.
Мод суулгацыг тарьсны дараа хятад судлалын анги бус бүрийн хятад хэлээрх мэндчилгээ, урлагийн үзүүлбэрийг шалгаруулан дүгнэхэд, Гадаад хэлний орчуулга (Хятад), Гадаад хэл, орон судлал (Хятад)-ын 3-р түвшний баг тэргүүн байр, Хятад хэлний багш хөтөлбөрийн 2-р түвшний баг 2-р байр, Гадаад хэлний орчуулга (Хятад), Гадаад хэл, орон судлал (Хятад), Хэл шинжлэл (Хятад) хөтөлбөрийн 4-р түвшний хамтарсан баг 3-р байр эзлэв.
Хятад хэл соёлын өдөрлөг-Хээрийн хичээлийг жил бүр уламжлал болгон зохион байгуулаад гурван жил болж байгаа бөгөөд энэ жилээс тухайн өдөрлөгийг нийгэмд тустай, олон нийтийн сайн үйлсэд оролцох хэлбэрээр зохион байгуулж байхаар бүгд санал нэгдэсний дээр МУИС-ийн оюутан багш нарыг “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-д нэгдэхийг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ