МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхим, ШУТИС-ийн ГХС-ийн Ази судлалын тэнхим, МУБИС-ийн НХУС-ийн Дорно дахины тэнхим хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ази судлал” Олон улсын эрдэм шинжилгээний 10 дахь удаагийн хурал (ICAS 2024) 2024.05.04-ний өдөр боллоо.
Нээлтэд БНТУ, БНХАУ болон Япон улсын дипломат төлөөлөгч нар хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүллээ. Мөн хурлыг хамтран зохион байгуулж буй байгууллагын төлөөлөл болох ШУТИС-ийн ГХС-ийн захирал, доктор, профессор Ц.Энхбаатар, МУБИС-ийн Дорно дахины хэлний тэнхимийн эрхлэгч, доктор Ё.Нямхишиг болон МУИС-ийн дэргэдэх Күнзийн Институтийн удирдах зөвлөлийн дарга, доктор, дэд профессор Д.Бадмаанямбуу, МУИС-ийн дэргэдэх Улаанбаатар 2 Сэжун Институтийн захирал, доктор , профессор Д.Сайнбилэгт нар хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.
“Ази судлал ICAS 2024” Олон улсын эрдэм шинжилгээний 10 дахь удаагийн энэхүү хуралд Солонгос судлал, Турк судлал, Хятад судлал, Япон судлалын чиглэлээр судалгаа хийдэг гадаадын 5 улс, дотоодын 5 байгууллагын эрдэмтэд дөрвөн салбар хуралдаанд оролцон хэл шинжлэл, үсэг бичиг судлал, түүх археологи, олон улс орон судлал, утга зохиол, соёл судлал, философи, боловсрол судлал, заах аргазүй зэрэг олон салбарын сүүлийн үеийн шинэлэг судалгаа бүхий 50 орчим илтгэл хэлэлцэж, мэдээлэл солилцлоо. Хурлын нэгэн ач холбогдол нь эрдэмтэн судлаачид хамтран ажиллах үндэс суурийг тавихаас гадна, Монголын олон нийтэд дээрх орнуудын хэл соёл, нийгэм эдийн засгийн байдлыг академик түвшинд сурталчлан таниулах билээ.
Эрдэмтэн, судлаач нартаа цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье.