ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг оюутны English Speaking Club-ийн 2020-2021 оны хичээлийн жилийн нээлтээ 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Клуб нь 2013 онд байгуулагдсан бөгөөд оюутнуудын англи хэл, хууль зүйн англи хэлний мэдлэг, чадварыг сайжруулах, хэл сурах эрмэлзлийг дээшлүүлэх зорилготой. Өдөрлөгийн үеэр олон улсын хөтөлбөрт шинээр элссэн оюутнуудыг гишүүнд элсүүлж, ахмад гишүүд мэргэжлийн англи хэл эзэмших ач холбогдол, гишүүнчлэлийн залгамж холбоог үргэлжлүүлэн хадгалах талаар үнэтэй зөвлөгөө өгч, хууль зүйн англи хэлний мэдлэг эзэмшихэд бодит туслалцаа дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Өдөрлөгийн үйл ажиллагааны хоёрдугаар хэсгийг English Speaking Club – ын ментор багш Д.Сарантуяа, Б.Бямбасүрэн, А.Энхтуяа, О.Ган-Энх, Ц.Энхцэцэг, Л.Энхжин нар амжилттай зохион байгуулсан бөгөөд англи хэлний ярих, сонсох, бичих чадвар, мэргэжлийн англи хэлний мэдлэгийг сорих оюуны болон хөгжөөнт тэмцээн мөн англи дууны уралдаанд оюутнууд мэдлэг, чадвар, авьяасаа сорин өрсөлдөж шагналын эзэд тодорлоо.