-Монгол Улсын дээд боловсролын салбарт бодлогын шинэчлэл хийгдэж байна. Зарим нь шинэчлэлийг зөв ажил болсон гэдэг бол учир дутагдалтай гэх нь ч бий. Та “Дээд боловсролын шинэчлэл”-ийн төслийн зөвлөх байсан хүн. Мөн Монгол Улсын ууган сургуулиудын нэг МУИС-ийн захирлын албыг хашиж байгаа хүний хувьд шинэчлэлийг хэрхэн харж, юу гэж дүгнэж байна?
–Дээд боловсролын шинэчлэлийг сүүлийн нэг, хоёр жилээр харж болохгүй. Дээд боловсролын шинэчлэл дээр үеэс эхтэй. Өөрөөр хэлбэл, 1980-аад оноос. Тэр үеэс эхлээд Монголын нийгэм бүхэлдээ хөдөлгөөнд орсон.
Өөрчлөн байгуулалт, ил тод байдал тэр давалгаанд эрчимжсэн. Тэр үеэс боловсролын салбарт өөрөө сонгох ёстой гэсэн ойлголт орж ирсэн. 1990 оноос хойш тухайн үеийн улс төрийн системийг бүхэлд нь шинэчлэх ёстой юм байна гэсэн агуулгаар нийгмийн хувьсгал болсон. Үүнийг янз бүрээр хэлж байгаа боловч санал нэгдэж байх шиг байна. Өмнө нь үйлчилж байсан тэр нийгмийн институт мөн чанар чиг үүрэг, ажлын бүтэц тогтолцоонд нь өөрчлөлт орсон.
Дээд боловсролын шинэчлэл дээр үеэс эхтэй.
Тухайн үедээ дээд боловсролд хийсэн шинэчлэлийг оюутан хүний хэрэгцээг хангахад чиглэсэн боловсролын үйлчилгээ болгоно гэсэн агуулгатай байсан. Ер нь сурч боловсорно гэдэг хүний эрхээ хэрэгжүүлэх боломж юм. Энэ нь өмнө нь төр засгаас, намаас төлөвлөчихсөн ажлын байранд хүнийг бэлдэж байгаа биш, насанд хүрсэн хүн өөрөө хийж байгаа сонголт, тэр сонголтонд нь нэмэр болох боловсрол эзэмшүүлэх систем юм.
Энэ хүрээнд Монгол төдийгүй дэлхий ертөнц бүхлээрээ өөрчлөгдөж байна. Ялангуяа технологийн болон улс орнуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа илүү өргөжсөн, хүмүүсийн хөл хөдөлгөөн ч илүү болсон. Амьдрах газар, ажиллах байраа хүмүүс өөрсдөө сонгох нь улс орноор хязгаарлагдахгүй болсон. Энэ нь боловсролын хэрэгцээ шаардлага өөрөө ямар байх вэ гэдгийг тодорхойлж байна.
Үүнийг тусгаарлагдсан орчинд, зөвхөн өөрийнхөө дотоодод эрх барьж байгаа, шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн харж байгаа тэр хэмжээнд тодорхойлох боломжгүй болж байна. Тийм болохоор хөгжил хаашаа явж байна, Монгол хүмүүсийн ирээдүйн амьдрал ямар дүр төрхтэй болох гэж байна, монгол хүн эзэмшсэн боловсролоо хаана хэрэглэх гэж байна, тэр газар нь ямар шаардлага тавьж байна гэдгийг баримжаалах хэрэгтэй болж байна.
Ийм маягаар шинэчлэл 1990 оноос эхэлсэн. Ерөнхий баримжаа тогтоод ирэхээр яаж хийх вэ гэдэг дээр нийгэм түүн дотроо сургууль, багш нар боловсрох бололцоог хангах. Ийм ерөнхий төсөөлөл байсан боловч арга замаа бүрэн гүйцэд тодорхойлж чадахгүй сунжирсаар өнөөдрийг хүрсэн. Үүн дээр МУИС хоёр жилийн өмнөөс тэр шинэчлэлийг бүрэн утгаар нь шийдвэрлэсэн. Энэ нь бидний ирээдүйд, монголчуудын амьдарна гэж харж байгаа тэр нийгэмд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг, амжилттай ажилладаг байгууллагуудын туршлагаас суралцах хэрэгтэй юм байна гэдэг суурь дээр үндэслэж байна.
Үүнээс Америкийн систем давамгайлж байна гэсэн дүгнэлтэд үндэслэж баримжаа тогтоосон. Энэ нь бусад орныг бодвол тийм ч зөрүүтэй биш юм. 1990-ээд оны дунд үеэс Европын холбоо эдийн засгийн хамтлаг гэхээс илүүтэй хүмүүсийн амьдралын чөлөөтэй зорчдог орчин болж хувирч байна.
Европын орны хүмүүс ажил эрхлэхдээ улс оронд чөлөөтэй шилжин хөгжиж байгаа боломжийг нээж өгсөн. Энэ үед нэг оронд эзэмшсэн боловсролыг нөгөө оронд хүлээн зөвшөөрөх үү, үгүй юу. Ялангуяа ажил эрхлэхэд нь баталгаа болж чадах уу, үгүй юу гэсэн асуудлаас үүдэлтэй Болоний процесс буюу дээд боловсролын нэгдмэл орон зай байгуулах тухай Европын холбооны гишүүн орнуудын хамтын гэрээ үргэлжилж байна. Энэ Болоний процесс нь орчин үеийн дээд боловсролын эх сурвалж болох Англи, Франц, Герман зэрэг орны өөр хоорондоо нэлээд ялгаатай системд эзэмшсэн боловсролыг хэрхэн дүйцүүлж, хүлээн зөвшөөрөх тухай асуудал болж байгаа юм.
Энэ системээр эзэмшсэн боловсролыг хооронд нь дүйцүүлж, байхын тулд дундын болгож авч байгаа бакалавр, магистр, доктор гэсэн үүнд өөрсдийнхөө системийг дүйцүүлж хоорондоо ойлголцож байгаа тодорхой илэрхийлэл болоод байна. Ийм учраас монгол хүний эх орондоо эзэмшиж буй боловсрол нь бусад оронд үе тэнгийнхэн нь эзэмшиж байгаа боловсролоос дутуугүй байх ёстой юм. Монголд төдийгүй гадаад улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой гэсэн ийм сургалтын араас явж байна. 1990-ээд оны эхээс бакалавр, магистр гээд өмнө байсан боловсролоосоо арай өөр нэр томъёо хэрэглэж эхэлсэн.
Цаад агуулга нь ийм учиртай юм. Гэтэл их сургуулиуд дээр болж байсан үйл явц зохион байгуулж байсан сургалтанд тэр агуулга руу нь бүрэн шилжээгүй зохион байгуулалт нь хэвээрээ байсан. Тэгэхээр санхүүжилтийнхээ төвшинөөс болоод цаашаа бүгд нарийссан, хоорондоо уялдаа холбоо байхгүй, олон жижиг нэгжүүдэд хуваагдсан байсан. Хоёр жилийн өмнөөс буцаад үндсэн агуулгыг нь шинэчилсэн. Үүнийг их сургуулийн багш нарын дийлэнх нь дэмжсэн. Нэр хүндтэй томоохон сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан багш нар эргэж ирсэн.
Дээд боловсролын шинэчлэл гэдэг бол нийгэм өөрөө нэг байрандаа тогтдоггүй. Амьд организм байнга хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг шиг нийгмийн институт шинэчлэгдэж байна. Бид технологийн дэвшлийг ашиглах боломж нээгдэж байна, бүрэлдэхүүн залуужиж байна. Ялангуяа газар газраас өөр, өөрийн өв уламжлалтай сургуулиудад боловсрол эзэмшсэн залуус олон талаас цуглаж, МУИС улам баялаг болж байна.
-Дээд боловсролын шинэчлэл хэрэгжиж эхлээд 2-3 жил болж байна. МУБИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС зэрэг бусад сургуулийг харахад ололттой, амжилттай зүйл цөөнгүй байна. Харин танай сургуулийн хувьд ямар байна вэ?
-МУИС-д үеийн үед Монголын оюуны салбарын хамгийн шилдэг хүмүүс сонгогдон шилэгдэж ирж ажилладаг. Үндсэндээ манай оюутнуудын нэг номерын сонголт нь МУИС байдаг. Энэ сургуульд суралцахыг эрмэлздэг залуучууд ирдэг. Энэ нь улам чанаржиж бэхжиж байна.
МУИС-д үеийн үед Монголын оюуны салбарын хамгийн шилдэг хүмүүс сонгогдон шилэгдэж ирж ажилладаг.
Тиймээс ийм орчинд суралцах нь залуу хүмүүсийн хувьд хамгийн зөв сонголт хэвээрээ байна. Энэ байдлаа цаашид улам сайжруулахын тулд МУИС-ийн багш нар хамт олон бүгдээрээ нэгдсэн. Тодорхой алхамууд арга барил дээр санал зөрөлдөх, асууж тодруулах, ярилцах зүйл бол мэргэжлийн төвшинд цаашид ч үргэлжилнэ.
-Бусад сургуулийн хувьд боловсролын шинэчлэл эмх цэгцтэй яваад байна. Харин танай сургуулийн багш нар энэ сэдвээр үе үе улс төржих юм. Ер нь нийт багш нарын үзэл бодол ийм байна уу, эсвэл цөөн хэдэн багш шинэчлэлтэй нэгдэж чадахгүй явна уу?
–Багш нарын дунд өөр санаа бодолтой, итгэл үнэмшилтэй байдлыг өөрөөр харж буй хүмүүс бий.Манайх чинь том айл. Томоохон эрдэмтэн судлаачид байдаг, тэд бүгд өөр өөрийнхөө чиглэлээр мэргэшсэнээс гадна их сургуулийн системийг сонирхож үздэг. Цаашид яах вэ гэдэг дээр бодол санаагаа уралдуулдаг.
Үүн дээр саналын зөрүү гарна, хамгийм гол нь хэлэлцэх мехнизмийг нь улам бүр нээлттэй болгох нь зүйтэй. Иймэрхүү процесс өнгөрсөн жилээс нэлээд маргаантай явсан. Зарим багш гадагшаа гарч байр, сууриа илэрхийлсэн. Тэр нь олон нийтэд зөрчил болж харагдсан байж магадгүй. Санаа бодлоо илэрхийлсэн хүмүүсийн дунд эрх мэдлийн төлөөх асуудал байхгүй. Ерөөсөө шинэчлэл нь өөрөө зөв байхын төлөө санаа бодлоо хэлж байсан. Хамгийн гол нь энэ процессийг явуулахдаа багш нартайгаа зөвлөлдөх, ярилцах, нээлттэй явуулах ёстой зарчим алдагдсанд шүүмжлэлтэй байдаг юм билээ.
-Шинэчлэл тойрсон асуултаа ингээд түр өндөрлөе. Одоо элсэгчдэд хэрэгтэй зарим мэдээллийг сонирхъё. Хэвлэлээр гарсан зарим мэдээлэл элсэгчдэд МУИС-ийг дотроо будлиантай, бодлогын алдаатай, элсэгчдийг ч хохироож мэдэх юм шиг сэтгэгдэл төрүүлээд байна. Иймд та МУИС-д өөрчлөгдөж шинэчлэгдсэн, ололттой амжилттай зүйл юу байгааг дуулгаач?
– Их сургууль дээр хийгдэж байгаа шинэчлэлийн хамгийн том зорилго нь оюутнууддаа сонгох боломжийг өргөжүүлж өгөх зүйл юм. Өмнө нь оюутны юу сурах, хэзээ яаж сурах вэ гэсэн урьдчилаад бэлдчихсэн сургалтын төлөвлөгөөтэй явж ирсэн. Гэтэл 4-5 жилийн дараа ажлын талбарт ямар өөрчлөлт гарах вэ, өнөөдөр төлөвлөж байгаа ажлын байр байх уу, байлаа гэхэд тэр ажлын байранд тавигдах шаардлага хэвээрээ байх уу гэдгийг бүрэн дүүрэн төсөөлж, тооцоо хийх хэцүү болсон байна. Ажил олгогч компаниуд өөрсдөө ч хөдөлгөөнтэй байна.
Бизнесийн журмаар их солигдож байна. Тухайн үедээ хөрөнгөө аль чиглэлд оруулвал хамгийн ашигтай байх вэ гэдэг дээр хувийн байгууллага өөрсдөө шийдэл гаргаж байгаа учраас маш их хөдөлгөөнтэй байна. Харин томоохон компаниуд нь тогтвортой болж байна. Гэхдээ ажил олгогчийн ихэнх нь хөдөлгөөнтэй байна. Ийм тохиолдолд МУИС 5-10 жилийн дараа яг энэ ажлын байран дээр тийм орон тоо байна гэж төлөвлөх, мэдээлэх боломжгүй юм. Ийм учраас сурч байх явцад нь хугацаа ойртохын хэрээр боломж сайжирч байна. Үүнд нийцүүлж, энэ процессийг яаж өөрчлөх вэ, ямар төлөвлөгөөтэй байх вэ, энэ хөдөлгөөнтэй байдал нь сурч байгаа хүндээ аль болох богино хугацааны дотор ажлын байран дээр хурдан зохицож хөрвөх чадвартай, өрсөлдөх чадвартай ямар ажил эрхлэх вэ.
Үүнд нь бэлтгэхэд зориулж, бид хөтөлбөрөө хөдөлгөөнд оруулаад байгаа юм. Зарим хөтөлбөр маань хос болж байна. Ингэхдээ суурь их өргөн байна. Тэр өргөн сууриас хүн өөрийнхөө хүсэл, сонирхлоор ирээдүйгээ таньж мэдэж байгаа байдал, авч байгаа бусад мэдээллүүддээ анализ хийх, сургуулийн өөрийнх нь оюутанд үйлчилдэг үйлчилгээг түүнтэй холбох маягаар бид хичээн ажиллаж байна.
Тэгэхээр энэ хоёрын холбоосон дээр хүн сурч байх явцдаа боловсролоо ирээдүйн төлөвлөгөөтэйгөө илүү нийцүүлж зохицуулах, сонголтоо хийж удирдах боломж, бололцоог олгох гэж хөтөлбөрийн шинэчлэлт хийж байна.
Бүтцийн өөрчлөлт оюутандаа үзүүлэх гэж байгаа хөтөлбөрөө хүргэх тэр хэрэгсэл болж байна.
Ийм өргөн сонголттой хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хэт явцуурч, нарийвчилсан, хөшүүн сургалтын төлөвлөгөөг өөрчилж, үүндээ нийцүүлэн өргөн сонголт хийх боломжийг хангасан бүтцэд шилжсэнээр өмнө байсан 14 сургуулийг тав болгон зохион байгуулсан. Мөн тэнхимүүдийг томсгож, тэнд зааж байсан хичээлүүдийг оюутны өргөн хүрээнд сонголт хийх бүтэц рүү шилжсэн.
Бүтцийн өөрчлөлт оюутандаа үзүүлэх гэж байгаа хөтөлбөрөө хүргэх тэр хэрэгсэл болж байна. Энэ хөтөлбөр өмнө нь хийж байсан олон хөтөлбөр, түүн дээр зааж байсан хичээлүүдийн агуулгыг дахин шинээр авч байна. Зарим нь шинээр хийж байна. Багш нарын хувьд богино хугацаанд ачаалалтай болж байна. Одоо бол оюутан өөрөө хөтөлбөрөө сонгоно, хөтөлбөр доторх хичээлээ сонгоно.
-Ялангуяа, мэргэжил сонголтын хувьд ирэх хичээлийн жилд оюутан болох гэж буй хүүхдүүдэд ямар боломж, ямар эрх нээлттэй байгааг хэлж өгөөч?
-Хөтөлбөрөө бид өөрсдөө боловсруулсан. Одоо байгаа хуулийн дагуу БСШУЯ-аар хянуулж, баталгаажуулсан. МУИС-иас хийгдэж байгаа бүх хуулийн дагуу хүчин төгөлдөр хөтөлбөрүүд байна. Энэ хөтөлбөрийг боловсруулна гэдэг маш их нүсэр ажил байсан. Агуулгын хувьд, эхний суурь хэсгийн 1-2 жилийн агуулгыг ерөнхийд нь боловсруулахад олон багш оролцсон. Энэ нь цаашид оюутны сонголтоо хийх үндэс суурийг бэлдэх, зохион байгуулалттай ажлуудад гол үндсэн хэсэг нь болж байна. Ийм хөтөлбөрөөр ажиллахад багш нарын өөрсдийн ажлын зохион байгуулалт, ажлын чиг хандлага орж байгаа юм.
Лекц давамгайлсан хэлбэрээс хэлэлцүүлэг давамгайлсан сургалт руу орох гэж байна. Оюутан хүн өөрөө сургалтаа жолоодоод, түүн дотроо өөр хүчин чармайлт гаргана. Өмнөх системээс үргэлжлэн хадгалагдаад байсан багшийн лекцийг шүтсэн, түүгээрээ мэдлэгийнхээ хүрээг тогтоож байсан арга барил халагдаж, одоо аль болох олон мэдээллийн эх сурвалжтай ажиллаж боловсруулалт хийж, мэдлэгээ тэлэхэд нь сургах арга барилд шилжиж байна.
Оюутныг сурч байх хугацаанд л шинжлэх ухааны мэдээллийн шинэчлэгдэж байгаа цаг үед бид амьдарч байна. Тэгэхээр сургуулиа дүүргэсний дараа ч үргэлжлүүлэн суралцах шаардлагатай болж байгаа тул нэгэнт авсан диплом насан туршийн ажлын байрыг баталгаатай хангаж өгнө гэсэн итгэл үнэмшил цаашид байх боломжгүй болж байгаа юм.
Сургуулиа төгссөний дараа ч байнга мэдлэгээ сэлбэж, ахиулж байхгүй бол хоцорно, шахагдана. Ийм тохиолдолд хүмүүс тодорхой салбарын суурь мэдлэгээс гадна цаашид түүнийгээ байнга баяжуулж, сэлбэх чадвартай байх хэрэгтэй болж байна. Түүнд чиглэсэн сургалтын шинэчлэл явж байна.
-МУИС ирэх хичээлийн жилд хэчнээн оюутан элсүүлэх вэ. Хот, хөдөөнөөс элсүүлэх оюутны тоо хязгаартай юу. Энэ жил аль ангидаа элсэгчдийнхээ тоог цөөлж аль ангид тоогоо нэмсэн бэ?
-МУИС цаашдаа элсэгчдийнхээ тоог байнга нэмнэ гэж бодохгүй байна. Харин ч багасах байх. Одоогийн байгаа хүчин чадал ч гэсэн байгаа оюутнууддаа хүрэлцэхгүй байна. Дөнгөж саяхан нэг хичээлийн байр маань цаашид ашиглах боломжгүй хаагдаж байна. Орон зайн хувьд хязгаарлагдмал болсон. Үүнтэй холбоотойгоор хичээлийн байранд дахин шинэ хувиарлалт зохицуулалтыг хийж байна. Энэ жил Ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа хүүхдүүд цөөхөн.
Дээд сургуульд элсэх оюутны тоо буурч байгаа. Тиймээс бид ч элсэлтээ нэлээд багасгах чиг барьж байна. Гэхдээ нэг мөсөн шууд багасгаж болохгүй байна. Яагаад гэвэл, сургуулийн санхүүжилтын гол эх үүсвэр сургалтын төлбөр хэвээрээ байгаа. Тиймээс бид элсэгчдийнхээ тоог аажмаар бууруулах чиг барьж байна.
БСШУЯ-наас их, дээд сургуулиудын хяналтын тоог баталсан. Манайд 3500 оюутан элсүүлэхээр тоо баталж өгсөн. Үүнээс 150 оюутан нь Эрдэнэт хотод байгаа манай салбар сургуульд орно. 80 оюутан нь Завхан аймагт байгаа салбар сургуульд орох боломжтой. Үндсэн оюутнууд төв их сургуульд элсэнэ. Бусад сургуулиас нэг онцлог нь МУИС Улаанбаатарт байгаа таван бүрэлдэхүүн сургуультай. Нэг жил ерөнхий сууриа үзэж байгаад ирэх хавар хөтөлбөрөө мэргэжлийн чиглэлээ сонгох боломжтой.
-2014 оны элсэлтээр тусгай зөвшөөрөл аваагүй таван мэргэжлээр элсэлт зарласан, Тухайлбал, Био инженерийн анги гэх мэт огт байхгүй мэргэжлээр элсэлт авсан гэсэн мэдээлэл яваад байсан. Энэ талаар та мэдээлэл өгөөч?
-Өнгөрсөн хичээлийн жилд элссэн оюутны хувьд одоо хөтөлбөрөө сонгож байна. Шинэчилж байгаа хөтөлбөрүүд маань өмнө байсан хөтөлбөрүүдэд тодорхой хэмжээгээр суурилж байгаа учраас огт өөр хөтөлбөр гэж үзэж болохгүй юм. Энэ ч утгаараа огт зөвшөөрөлгүй гэсэн дүгнэлт хийж арай болохгүй. Шинэ хөтөлбөрүүд өргөн суурьтай болж, үүндээ суурилсан мэргэших чиглэл нь олон сонголттой болсон. Огт байхгүй гэж хэлээд байгаа биоинженерчлэлийн чиглэлээр мэргэших боломжийг Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд бүрдүүлсэн.
-МУИС-ийн харьяанд байсан Улаанбаатарын их сургуулийн хувь заяа хэрхэн яаж шийдэгдсэн бэ. Салсан, нийлсэн гээд янз бүрээр ярих юм?
-2010 онд Засгийн газрын шийдвэр гарсан. Засгийн газраас төрийн өмчийн сургуулиудыг хооронд нь нэгтгэсэн. Энэ шийдвэрээс хойш нийслэлийн удирдлагаас санал тавьж, Улаанбаатар их сургуулийг анх 1990-ээд оны эхээр хотын захиргаа, Шинжлэх ухааны академи хамтран байгуулж байсны дагуу хотын харьяаны сургууль болгох хүсэлтийг БСШУЯ-нд гаргасан юм байна.
Тэр дагуу Улаанбаатар их сургуулийг магистр, докторын сургалтын тусгай зөвшөөрөл олгосон байна. Үндсэндээ тэр сургуулийг МУИС-аас тусгаарласан. Энэ бол их сургуулийн өөрийнх нь шийддэг асуудал биш шүү дээ. Энэ сургуулийг үүсгэн байгуулсан нь Монгол Улсын Засгийн газар. Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг бид дагана. Тэгэхээр энэ сургууль цаашид магистрын сургалттай сургууль байх нь ээ.
-Ярилцлагынхаа төгсгөлд та энэ жилийн элсэгчдэд зориулж, юу гэж зөвлөх вэ?
-Дээд боловсрол эзэмшинэ гэдэг зүгээр нэг үе тэнгийнхнийгээ дагаж, диплом авч гоёхын нэр биш. Дээд боловсрол гэдэг өөрөө үнэ өртөг, өөрөөс нь эцэг эхээс нь гарч болно. Зарим хэсгийг нь төр засаг хуваалцаж байна. Нөгөө талд нь хамгийн үнэтэй цаг хугацаа. Тэгэхээр үүнийг зөв зарж байна уу, үгүй юу гэдгийг бодож сонголтоо хийх ёстой. Би энэ боловсролыг эзэмшээд үүний хэргийг гаргаж чадах уу, үгүй юу гэдгийг сайн бодох хэрэгтэй.
Хэрвээ чадна гэж үзэж байгаа бол үүнийг хаанаас хамгийн сайн хангаж өгөх вэ хамгийн сайн боловсрол эзэмших вэ, баталгаатай байх вэ, тэрийгээ бодож сонголтоо хийх хэрэгтэй. Энэ тохиолдолд Монголын ууган их сургууль үе үеийн хамгийн шилдэг эрдэмтэн байдаг, дээр нь шилдэг оюутнууд байдаг. Оюутнууд чинь багшаасаа гадна хамт сурч буй оюутнуудаасаа их юм сурдаг. Ийм орчинд хамгийн сайн боловсролыг эзэмших явдал бол МУИС байна. Үнэхээр эрдэм мэдлэгийг эрхэмлэж байгаа тэр салбарт ажиллахыг хүсч байгаа бол, амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байгаа бол МУИС тэр сонголтынх нь дагуу үйлчилгээ үзүүлэх хөтөлбөрөө сайжруулахад чиглэн ажиллаж байна.
IKON.MN-ээс