Пиер Жиоржио Борбоне нь библийн филологи, сирийн түүхбичлэг, сурвалж бичгийн судалгааны тэргүүлэх эрдэмтдийн нэг юм. Тэрээр мөн Хятад, Төв Ази дахь сири хэлээр бичигдсэн бичээс, XIII-XIV зууны Евроази, Төв Азийн түүх судалдаг бөгөөд бөгөөд Өвөрмонголын их сургууль, Бээжингийн их сургуультай хамтран Төв Ази, Хятадын сири, сири-түрэг хэлээр бичигдсэн бичээсүүдийг судлах, баримтжуулах, хэвлэх ажлыг хариуцан гүйцэтгэж байсан билээ. Харин энэ удаад профессор Борбоне манай сургуулийн Түүхийн ангийн II, III ангийн оюутнуудад сири хэл, соёлын тухай үндсэн мэдлэг олгох эрчимжүүлсэн курс хичээл заасан юм.
Монголын их хаадын сири элч Мар Ябаллах, Раббан Саума нарын тухай профессор Борбонегийн монографи (зураг 1) Сири (Syriac) хэл нь Арамей (Aramaic) хэлний нэгэн хэлбэр ба Ойрхи Дорнодын христийн шашны эртний бичгийн хэлний хувьд олон зууны турш хөгжиж ирсэн бөгөөд энэхүү хэл, бичгээр дамжин Дорнын христийн шашны уламжлал Төв Ази, Хятад, Монгол, Энэтхэг хүртэл тархан дэлгэрч байв. XIII зуунд Их Монгол улс байгуулагдах үед Монголын тал хээрийн Хэрэйд, Найман, Онгуд зэрэг аймгууд хэдийнээ христийн шашин дахь сири уламжлалтай танил болсон байна. Чингис хаан хийгээд түүнийг залгамжлагч хаадын улс орноо цогцлоох үйл хэрэгт эдгээр овог аймгууд багагүй хувь нэмэр оруулсан бөгөөд алтан ургийн хаад, ноёдын зарим нь ч Дорнын христийн шашны итгэлтэн болсон байв.
Чингисийн дараах хаадын төрийн бодлогын ачаар буюу монгол төрийн ивээлээр Дорнын христийн шашны байгууллага хийгээд ихэс дээдэс хоорондын харилцаагаар дамжин уран зохиол, түүх, урлаг талын өргөн уудам нутагт урьд байгаагүй хэмжээгээр хөгжсөн түүхтэй. Түүхийн энэ онцлог үеээс үлдэж хоцорсон олон төрлийн сурвалж бичгүүдийг дэлхий дахинд багагүй судалсан ч өнөө хэр монголчууд бид тэр бүгдийг нухацтай судлан шинжилж амжаагүй хэвээр байгаа билээ. Тийм учраас МУИС-ийн Түүхийн тэнхимээс зохион байгуулж буй энэхүү курс хичээлийг хамгийн гол ач холбогдол нь монголын түүхтэй холбогдох сири хэлний дурсгалуудыг судлах үүдийг нээж, энэ чиглэлийн судлагааны ирээдүйн боловсон хүчнийг төрүүлэхэд оршиж байгаа юм.
Ховд аймгийн Улаантолгойн хадны зураг (зураг 2)
Профессор Борбоне хичээлээрээ Монголын түүхтэй холбогдох сири хэлээрхи дурсгал, бичгүүдийг тайлах, судлах анхан шатны чадварыг оюутнуудад олгоход голлон анхаарч байв. Хичээлд хамрагдсан оюутнууд шашны холбогдол бүхий дурсгал бичгүүдээс гадна мөн түүхэн он дараалалын бичиг, түүх бичлэгийн бүтээл, хадны бичээсүүдийн анхдагч эхүүдийг түүх, нийгэм-соёлын үүднээс задлан шинжлэхэд суралцсан болно. Нэн ялангуяа хичээлийн явцад оюутнууд сири хэлээрхи монголын түүхтэй холбогдох хамгийн анхны сурвалж мэдээ, Мар Бехнамын сүмийн бичээс, Илхаадын үеийн дорнын христийн шашны их бичгийн хүн Бар Ебраусын он дараалалын бичиг, Монголын хаадын Ромын пап хийгээд Англи, Францын вангуудад илгээсэн элч Раббан Саума, Мар Ябаллах нарын аян замын тэмдэглэл, Ховд аймгийн Улаан Толгойн сири хэлээрх хадны бичээс зэргийг тайлж уншиж судлав. Хичээл амжилттай болоход Түүхийн тэнхимийн багш нар, тухайлбал Д. Баярсайхан, Б.Чинзориг, Д.Энхцэцэг нар итгэл зүтгэлтэй ажиллаа.
Профессор Пиер Жиоржио Борбоне манай Их сургуульд ажиллах хугацаандаа мөн Түүхийн тэнхимийн Их Семинарт уригдан олон нийт, судлаач, оюутнуудад зориулан “Монголын түүхтэй холбогдох сири хэлээрхи сурвалж бичгүүд” хэмээх онц сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ. Түүний илтгэл монголын дундад үеийн түүхийн олон сонирхолтой сэдвүүдийг хамарч байв.
МУИС-ийн ХУС-ийн удирдлага болон сургалтын алба Пиер Жиоржио Борбоне профессортой Түүхийн тэнхимийн хамтран ажиллах уг санаачлагыг идэвхитэй дэмжсэн бөгөөд цаашид судалгаа шинжилгээ болон эрдмийн солилцооны хүрээнд Италийн Пизагийн их сургуультай хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа албан ёсоор илэрхийлсэн болно.
Энэ санаачлага, хамтын ажиллагааны хүрээнд Түүхийн тэнхимийн хамт олон ирэх хичээлийн жилд тус эрчимжүүлсэн хичээлийг онлайн хичээлийн хэлбэрт оруулан түгээх, тус тэнхимд монголын түүхтэй холбогдох сири сурвалж бичиг сонирхон судлах хүсэлтэй оюутнуудад зориулан сургалтын материал, сурвалж бичгийн сан үүсгэн ажиллахаар төлөвлөж байна.
МУИС-ийн ХУС-ын Түүхийн тэнхим