ТҮҮХЭН ТОВЧОО

ТҮҮХЭН ТОВЧОО

XX зууны жараад он бол Монгол Улс эрчимтэй хөгжлийн замдаа шуудран орсон он  жилүүд байв. Энэ үед нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын салбар жилээс жилд өргөжин тэлж, шийдвэрлэх асуудлын цар хүрээ урьд байгаагүй ихээр өссөн юм.

Нийгмийн хөгжлийн хурдтай өсөлт нь түүнийг тольдон харуулж, тохиолдсон саад бэрхшээлийг даван туулах арга замыг санал болгодог хэвлэл мэдээллийн хэрэгслийн үр нөлөөг сайжруулах, тэр тусмаа үндэсний дээд мэргэжилтэй сэтгүүлчдийг бэлтгэн гаргах шаардлага хурцаар тавигдсан байна. Энэ шаардлагын дагуу Монгол Улсын Их Сургуульд сэтгүүлчийн мэргэжлээр элсэлт авах болсон нь эх орондоо дээд боловсролтой сэтгүүлч боловсон хүчин бэлтгэх ажлын эхлэлийг тавьсан хэрэг байлаа.

Анх 1960-1961 оны хичээлийн жилд МУИС-ийн Хэл бичгийн факультетын Т.Пагва эрхлэгчтэй Хэл шинжлэлийн тэнхимийн харьяанд сэтгүүлчийн анги нээсэн байна. Улмаар 1961-1962 оны хичээлийн жилд Нийгмийн ухаан факультетын дэргэд Сэтгүүл зүйн тэнхим байгуулж, анхны эрхлэгчээр нь тэр үед ЗХУ-ын Ленинградын Их Сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж ирээд «Үнэн» сонинд ажиллаж байсан Лувсандашийн Содов (хожим Монголын нэртэй зохиолч болсон)-ыг томилжээ.

МУИС-д сэтгүүлчийн мэргэжлээр оюутан элсүүлэн сургаж, мэргэжлийн тэнхим байгуулсан эхний жилүүдэд, тухайлбал 1960 онд Т.Должин, 1961 онд Л.Содов, Д.Үржинбадам, 1962 онд С.Чулуунцэрэн, 1963 онд Р.Төмөр, 1964 онд Ц.Мөнхжаргал нар тус тус томилогдон ажиллаж, Нина гэдэг эмэгтэй тэнхимийн туслах ажилтан байжээ. Өнгөрсөн хугацаанд Ц.Батнасан, С.Даваасүрэн, Д.Туул, Д.Сумъяа, Д.Нармандах, Л.Оюунчимэг, Ч.Нямжав, Л.Эрдэнэчимэг, А.Магнайбаяр, Л.Сарантуяа, С.Бат-Оюун нарын зэрэг хүмүүс тэнхимийн туслахаар ажиллаж ирсэн байна. Түүнчлэн сэтгүүл зүйн нарийн мэргэжлийг оюутнуудад гүнзгий эзэмшүүлэх, Зөвлөлтийн их, дээд сургуулиудад сэтгүүлч боловсон хүчин бэлтгэдэг аргаас суралцах зорилгоор ЗХУ-ын Киевийн Их Сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, дэд эрдэмтэн, доцент И.Л.Демъянчукийг мэргэжилтэн багшаар урьж ирүүлсэн нь шинэ тутам байгуулагдсан тэнхимийн сургалтын стандартыг тогтоох, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр зэрэг үндсэн баримт бичгүүдийг шинжлэх ухааны үндэстэй боловсруулах, багш нарын мэргэжлийн мэдлэг, заах аргыг сайжруулах, сургалтын агуулгыг баяжуулахад чухал түлхэц болсон байна. ЗХУ туршлагатай мэргэжилтэн багшаа ирүүлж, манай Нам, Засгийн  удирдлагууд ЗХУ-д бэлтгэгдсэн чадварлаг сэтгүүлчдийг Их сургуульд багшлуулахаар илгээсэн нь Сэтгүүл зүйн тэнхимийг бэхжүүлж, сургалтын чанарыг сайжруулахад үнэтэй туслалцаа болсон ажээ. Тус сургуульд сэтгүүлчийн анги нээгдэхэд манай орны утга зохиол, хэвлэл мэдээлэл, соёлын томоохон зүтгэлтэн, эрдэмтэд цагаар хичээл зааж, арга туршлагаа ярьдаг байжээ. Академич Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, зохиолч Д.Намдаг, С.Дашдооров, С.Удвал, кино зураглаач Г.Цэрэн, утга зохиол судлаач С.Лувсанвандан нар үе үе ирж хичээл заадаг байжээ. Тэднээс гадна хэл, уран зохиолын хичээлүүдийг Т.Пагва, Л.Жамбаажамц, С.Мөөмөө, А.Шархүү, философийн хичээлийг С.Норовсамбуу, хэвлэлийн түүхийг Б.Дашцэрэн, сурган хүмүүжүүлэх ухааныг Б.Бор, цэрэгжилтийг Г.Самдангэлэг, англи хэлийг Н.Нацагдорж нарын эрдэмтэн багш нар заадаг байжээ. 1964 онд МУИС-ийн сэтгүүлчийн ангийн анхны төгсөлт болж, дөрвөн жилийн өмнө элсэн орсон 34 оюутнаас 30 нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн анхны мэргэжилтнүүд болж түүхэнд орсон байна. Тэдний дараа 1965,1966, 1967 онуудад гурван удаа төгсөлт хийжээ.

Монгол Улсын Их Сургуульд сэтгүүлч бэлтгэх болж, мэргэжлийн  тэнхим байгуулсан нь хожим манай орны бусад дээд сургуульд сэтгүүлч бэлтгэх, сургалт-заах аргын нэгдсэн журам боловсруулах чухал суурь болсон юм.  МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн сургалтын туршлага, материаллаг бааз, нөөц бололцоонд шууд тулгуурлан 1967 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын Дээд Сургуульд сэтгүүлчийн анги нээсэн байна. Энэ нь үнэн чанартаа МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийг намын сургуульд шилжүүлсэн хэрэг байв. Ингэх хоёр шалтгаан байсан ажээ. Тэр нь нэгд: МАХН үзэл суртлын ажилд онцгой анхаарал тавьж, уг ажлыг өөрийн итгэлтэй гишүүдийн гарт атгуулах шаардлага өсөн нэмэгдсэн, хоёрт:  арван жилийн сургуулиас Их сургуульд шууд элсэж суралцсан хүүхдүүдийг нам, төрийн төв хэвлэл, үзэл суртлын бусад байгууллагад шууд ажиллуулахад ажлын туршлага, буурь суурь ямар нэг хэмжээгээр дутагддаг байсан явдал мөн.

            Намын Дээд Сургуулийн Сэтгүүл зүйн тэнхим арван жил сургалт явуулахдаа 1971,1972,1973,1974, 1975, 1976 онуудад нийт зургаан удаа төгсөлт хийж бүгд 100 гаруй сэтгүүлч бэлтгэсэн байна. Уг сургуульд урьд нь нам, улсын байгууллагад алба хашиж байсан, бичиж туурвих авьяастай, намын гишүүн хүмүүсийг элсүүлэн сургадаг байсан учир төгсөгчид нь нам, засгийн төв хэвлэл «Үнэн» сонины төв, хөдөөгийн сурвалжлагч, аймгийн намын хороодод үзэл суртлын хэлтсийн эрхлэгч, ажилтан зэрэг хариуцлагатай албанд шууд томилогдон ажилладаг байжээ. Тус сургуулийг төгссөн сэтгүүлчдээс Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дашдондов, Жа.Пүрэв, Г,Жамц, шог зохиолч Г.Дамба нарын зэрэг авьяаслаг уран бүтээлчид төрөн гарсан юм.

            Манай оронд сэтгүүлч боловсон хүчин бэлтгэх үйлсэд Улаанбаатар хотын Намын хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмийн Их Сургууль багагүй хувь нэмэр оруулсан байна. Тус сургууль хожим нь Улс Төрийн Дээд Сургууль нэртэйгээр ерээд оны дунд үеийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд гурван жилийн сургалттай сэтгүүлчийн оройн ангид нийт долоон удаа элсэлт авч, зургаан удаагийн төгсөлт хийжээ. Энэ бүхэн нь сэтгүүлч мэргэжилтнийг бэлтгэх оновчтой хувилбарыг олж тогтоох нэг ёсны туршилт байсан бөгөөд эцэст нь МУИС-д сэтгүүлч бэлтгэх замыг эргэлт буцалтгүй сонгосон байна.

            1978 онд МУИС-д сэтгүүлчийн ангийг дахин нээж, улмаар 1979 онд Нийгмийн Ухааны Факультетын дэргэд Сэтгүүл зүйн тэнхим байгуулахад урьд нь «Үнэн» сонины нэгдүгээр орлогч эрхлэгч бөгөөд «Тоншуул» сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан доктор Г.Дэлэг эрхлэгчээр томилогдож, ЗХУ-д сэтгүүлчийн мэргэжил эзэмшээд хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан Ц.Цогтсайхан, Л.Бадамханд нар орон тооны багшаар, жараад онд сэтгүүлчийн анги нээхэд багшилж байсан С.Чулуунцэрэн, ахмад сэтгүүлч С.Жамбалдорж нар цагийн багшаар ажиллаж эхэлсэн байна. Тэдний дараа ЗХУ-ын Эрхүүгийн Их Сургууль төгссөн М.Зулькафиль 1981 оноос, МУИС төгссөн Л.Норовсүрэн 1982 оноос тус тус багшилж эхэлжээ.

            МУИС-ийн Сэтгүүл зүйн ангийн хоёр дахь удаагийн элсэлтийн анхдугаар төгсөлт 1982 онд болж 26 сэтгүүлчийг төгсгөн төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн газруудад хуваарилсан байна.  МУИС 2010 оны байдлаар нийт 37 удаагийн төгсөлтөөр 1500 гаруй сэтгүүлчийг бэлтгэн гаргасан байна.

            МУИС-ийг төгссөн сэтгүүлчид өнгөрсөн хагас 60 жилийн туршид манай орны хэвлэл мэдээллийн газруудад үр бүтээлтэй ажиллаж, сэтгүүл зүйн үр нөлөөг сайжруулах, нийтлэл нэвтрүүлгийн ур чадварыг ахиулах гол хүч болж ирсэн байна. Тэдний дотроос Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт шог найруулалч Н.Иштавхай, Монгол Улсын гавьяат багш Д.Банди, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай, Ц.Нацагдорж, Л.Норовсүрэн, Н.Мягмар, Ж.Ядмаа, Г.Дашрэнцэн, Б.Ерэнтэй, Н.Лутбаяр, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Х.Ислам, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн,Төрийн шагналт зохиолч Д.Төрбат, Төрийн шагналт, шог найруулалч  Б.Цэнддоо нарын зэрэг алдартнууд, Шинжлэх ухааны доктор Х.Ислам, Л.Норовсүрэн, боловсролын доктор Д.Нямсүрэн, Н.Мягмар, Л.Чулуунбат, А.Баярмагнай, Л.Норовсүрэн, Т.Ганди, Ш.Хуандаг, Т.Оюунбилэг, Д.Дагиймаа, Ч.Базар, Б.Хишигсүх, Г.Өнөрбаяр, Ч.Базар, Н.Ариунзаяа, П.Цэрэнням зэрэг эрдэмтэд, Д.Төрбат, Ц.Нацагдорж, Г.Сэсмээ, М.Елеусиз, Х.Ислам, Н.Лутбаяр, Б.Цэнддоо, Бя.Энхтуяа, Б.Золбаяр, Д.Ган-Очир, Г.Болормаа, Б.Тогтохбаяр, Ш.Содномжамц, Ж.Батсайхан, Б.Цогзаяабаатар, Ш.Хуандаг нарын зэрэг зохиолчид, Монголын нэрд гарсан улс төрч эмэгтэй Т.Ганди, хэвлэл мэдээллийн удирдах ажилтан Н.Мягмар, А.Баярмагнай, Л.Болормаа  нарын зэрэг шилдэг сэхээтнүүд олноор төрөн гарчээ.

            Тус салбарыг төгсөгчдийн дотроос сэтгүүлч Н.Иштавхай, Ц.Ванчиндорж, Б.Шийрэв, Ш.Содномжамц,  багш-судлаач Л.Норовсүрэн нар уран бүтээл, эрдэм судлалын ажилдаа өндөр амжилт гаргасны учир Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн нэрэмжит шагнал хүртэцгээсэн байна.

            Наяад онд сэтгүүл зүйн тэнхим дөрвөн багш, нэг туслах ажилтантай байсан бөгөөд сургалтыг амьдралтай ойртуулах зорилгоор гэрэл зургийн болон бичгийн машины лаборатори, сэтгүүл зүйн кабинет байгуулах  зэргээр материаллаг баазаа бэхжүүлэхэд ихээхэн анхаардаг байв. Сургалтын үйл явцыг социалист байгуулалтын тодорхой практиктай улам нягт уялдуулж, улс ардын аж ахуй, соёлын амин чухал хэрэгцээг харгалзан мэргэжилтний мэргэшлийн бэлтгэлийг чиг зорилготой сайжруулах явдал тэр үеийн чухал зорилт байсан юм. Тэрхүү зорилтын дагуу оюутнуудад нийгэм-улс төр, эрдэм шинжилгээ, мэргэжлийн ажлын дадлага олгох зорилгоор салбарын нийт ангийн дунд соёлч нөхөрлөлийн хөдөлгөөн өрнүүлж, оюутнуудыг спорт, урлаг, эрдэм шинжилгээний төрөл бүрийн дугуйлан, секцэд хамруулан, төгсөх болон анги дэвших оюутнуудаар курс, дипломын ажил хийлгэх, эрдэм шинжилгээний илтгэл бичүүлэх зэрэг ажлыг амжилттай зохион байгуулан хэвшүүлж байжээ.

            Тус тэнхимийн гадаад харилцаа үндсэндээ наяад оноос эхэлсэн байна. 1980 онд Тэнхимийн эрхлэгч Г.Дэлэгийн санаачилга, зүтгэлээр М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургууль, Эрхүүгийн Их Сургуулийн болон Болгарын Софийн Их Сургуулиудын Сэтгүүл зүйн факультет, ажил төрлийн холбоо тогтоож, тэдгээрийн сургалтын агуулга, арга туршлагаас суралцах, багш нараа илгээж мэргэжил дээшлүүлэх зэргээр хамтран ажиллаж эхэлсэн байна. 1982 онд тэдгээр сургуулиас сэтгүүл зүйн мэргэжлийн 200 гаруй ном, сурах бичиг, гарын авлагыг тусламжаар ирүүлсэн нь шинэ тутам байгуулагдаад байсан манай тэнхимийн сургалт эрдэм шинжилгээний ажилд үндсэн хэрэглэгдэхүүн болж байсныг тэмдэглэвэл зохино.

            Тэр үед сэтгүүл зүйн онол, түүхийн судалгаа хөгжих замдаа орж, сургалтын материал, хичээлийн хэрэглэгдэхүүн зохих хэмжээгээр хангагдсан нөхцөлд хичээл сургалтын ажил явагдаж байв. 1983 оны байдлаар сэтгүүлчийн мэргэжлийн бүрэн курсийг төгсөгчид нь дөрвөн жил суралцах хугацаандаа 27 шалгалт, 31 шүүлэг өгч, нийт 37 төрлийн хичээлийг 4200 цаг судалж байсны дотор «Оросын сэтгүүл зүйн түүх», «Зөвлөлтийн нам, төрийн хэвлэлийн түүх», «Коммунист ажилчны намуудын хэвлэлийн түүх», «БНМАУ-ын хэвлэлийн түүх» зэргээс гадна «Монголын хэвлэлийн онол, дадлага», «Сонины техник, чимэглэл», «Гэрэл зураг», «Сонгон мэргэжих» зэрэг мэргэжлийн 11 төрлийн хичээлийг 1300 орчим цаг судлуулж  байжээ. Тэдгээрийн дотор түүхийн хичээл зонхилох хувийг эзэлдэг байв.

            Наяад онд МАХН-ын Төв Хорооноос өгсөн удирдамжийн дагуу МУИС-ийн мэргэжлийн үндсэн хичээлүүдийг орос хэлээр заах хөдөлгөөний гадна тус тэнхимийнхэн үлдэж хоцроогүй юм. Уг арга хэмжээ нь иргэдийн төрөлх хэлээрээ сурч боловсрох эрхийг боогдуулсан нэг янзын туйлшрал байсан хэдий ч тухайн үедээ багш оюутнуудын орос хэлний мэдлэгийг ахиулахад зохих ахиц гаргасныг үгүйсгэх аргагүй юм.

            1990-ээд оныг хүртэл сэтгүүл зүйн сургалтын агуулга, бүтцийг ЗХУ-ын сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиудын туршлагыг шууд хуулбарлаж, үндэсний онцлогийг нэмж тусгах замаар боловсруулдаг байв.

            Монгол Улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжиж, гадаад харилцаандаа нээлттэй бодлого явуулж эхэлснээр сэтгүүл зүйн онолын сургалт, практик ажлын аль алинд цоо шинэ зарчим, арга барил нэвтэрч эхэлсэн билээ. Юуны өмнө чөлөөт сэтгүүл зүйн олон жилийн туршлагатай Америк, Европын орнуудын туршлагаар сургалтын стандарт, сургах арга барил, заах хичээлийн бүтэц, нэр төрөлд томоохон өөрчлөлт гарсан юм.

            Тус тэнхимийн хамт олон АНУ-ын Миссурийн Их Сургууль, Монгол дахь Соросын сангийн салбартай хамтран 1998 онд “Сэтгүүл зүйн сургалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”, 1999-2001 онд “Сэтгүүл зүйн сургалтын агуулгыг сайжруулах нь” сэдэвт төсөл хэрэгжүүлж сэтгүүл зүйн нийт хичээлд эзлэх шинэ чиглэл болон практик хичээлүүдийн хувийг эрс нэмэгдүүлж, онол дадлага хосолсон сургалтын стандартыг дээд боловсролын салбарт анх удаа боловсруулж батлуулсан билээ. Түүний үр дүнд тус салбарын оюутнууд дөрвөн жил суралцах хугацаандаа нийт 60 орчим нэрийн хичээлийг 120-124 кредит цагаар судалж байгаагийн дотор, нийт хичээлийн доторх мэргэжлийн хичээлийн эзлэх хувь 55.0, дадлагын хичээлийн эзлэх хувь 45 болсон юм.

            Сүүлийн жилүүдэд тэнхимийн гадаад харилцаа өргөжиж АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Казахстан, Болгар зэрэг орны сэтгүүл зүйн сургалт эрхэлдэг нэгжүүдтэй холбоо тогтоож багш нар Орос, Хятад, Америк, Египет, Швед зэрэг орнуудад янз бүрийн шугамаар явж туршлага судалсан байна. Ялангуяа БНХАУ-ын Өвөр монголын Их Сургуультай нягт хамтран ажиллаж багш нарын номыг харилцан хэвлүүлэх, хамтарч ном, сурах бичиг туурвих, хамтран төсөл хэрэгжүүлэх, багш, ном, эрдэм шинжилгээний сэтгүүл солилцох зэрэг ажил хэвшил болжээ.

            2014 онд МУИС-д бүтцийн өөрчлөлт хийж, хичээлийн хөтөлбөр, агуулгад нь өөрчлөлт оруулсантай холбоотой Сэтгүүл зүйн тэнхим нэрээ өөрчилж, Сэтгүүл зүй, олон нитийн харилцааны тэнхим гэсэн нэртэй болсон. Энэ нь ОНМХ-ийн боловсон хүчнийг зөвхөн сэтгүүлч гэсэн ганцхан хөлбөрөөр бус ОНМХ-ийн рекламын ажилтан, PR буюу олон нийттэй харилцах ажилтан зэрэг шинэ хөтөлбөрөөр бэлтгэж эхэлсэнтэй холбоотой юм. Өнөөдөр тус тэнхим ОНМХ-ийн ажилтнуудыг сэтгүүлч хэмээх ерөнхий мэргэжлээс гадна  радио зүй, теле сэтгүүл зүй, ОНМХ-ийн реклам, PR зэрэг чиглэлээр мэргэшүүлэн бэлтгэж байна.

Өнөөдөр нийт төгсөгчдийн 85 хувь нь мэргэжлээр ажиллаж, үлдсэн хэсэг нь үргэлжлүүлэн суралцаж, өөр чиглэлээр ажиллаж байна. Энэ бол дэлхийн болон манай орны бусад их, дээд сургууль төгсөгчидтэй харьцуулахад маш өндөр үзүүлэлт юм.

Монгол Улсад 1960 онд анх сэтгүүлч боловсон хүчин бэлтгэж эхэлсэн үндэсний сэтгүүл зүйн сургалт-судалгааны ууган байгуулга болох тус тэнхимийг 2014 онд МСНЭ-ээс “Сэтгүүл зүйн анхдагч”-аар өргөмжилж Батламж гардуулсан нь Сэтгүүл зүйн тэнхимийн сэтгүүлч боловсон хүчин бэлтгэх, сэтгүүл зүйн судалгааг хөгжүүлэхэд оруулсан буй хувь нэмрийг өндрөөр үнэлсний илрэл юм.

Сэтгүүл зүйн тэнхим 2019 оноос сэтгүүлч мэргэжлээр суралцаж буй оюутнуудын бичлэгийн ур чадварыг сайжруулах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор сэтгүүл зүйн доктор, дэд профессор Ч.Чойсамба агсны нэрэмжит “Сэтгүүлчийн ур чадвар”-ын олимпиадыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд үүнийг жил болгон тогтмол зохион байгуулах зорилт тавьж байна.

Одоо тус тэнхимийн эрхлэгчээр доктор Б.Наранбаатар, багшаар доктор Б.Болд-Эрдэнэ, Г.Мэндхүү, Т.Өнөрсайхан, Н.Ариунзаяа, магистр Д.Идэржаргал, Б.Баярмаа, Б.Түвшинтөр, зөвлөх профессороор шинжлэх ухааны доктор М.Зулькафиль, туслах ажилтнаар С.Бат-Оюун нар ажиллаж байна. Багш нарын 75 хувь нь эрдмийн зэрэг, цолтой. Сэтгүүл зүйн салбарт бакалаврын түвшинд 200 гаруй оюутан, 30 орчим магистрант, докторант суралцаж байна.

7575 4400 - 2314

setguulzui@num.edu.mn

204 тоот, МУИС-н хичээлийн II байр, Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар