Герман хэл Таны амжилтын хөтөч.

Гадаад хэлний орчуулга /Герман/ хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

МУИС-д 1968 онд Герман хэлний дугуйлан анх нээгдэж герман хэлтэй мэргэжилтэн сургаж эхэлсэн бол 1991 оноос Герман судлалын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж ирсэн түүхтэй. Өдгөө Монгол улсад зөвхөн МУИС-д Хэл шинжлэл /Герман/, Гадаад хэлний орчуулга /Герман/ хөтөлбөрөөр хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, герман хэлээр дагнасан боловсон хүчин бэлтгэж буй нь тус хөтөлбөрийн нэгэн давуу тал юм. Герман хэл судлал, орчуулгын практик чадвар олгох тал дээр манлайлсан хөтөлбөр байж, улс орны хөгжилд бүтээлч хувь нэмэр оруулах чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд „Гадаад хэлний орчуулга /Герман/ хөтөлбөрийн эрхэм зорилго оршино.

            „Гадаад хэлний орчуулга /Герман/ хөтөлбөрт онол дадлагын хичээлийн зохистой харьцааг баримтлан хэлний мэдлэг болон хэл зүй, ярих-сонсох, унших-бичих хэлэхүйн чадварын хичээлийн багц цагийг өндөр тогтоож, орчуулах дадлын хичээлийг герман хэлний

  • нийгэм соёлын хам сэдвийн орчуулга
  • баримт бичгийн орчуулга
  • уран зохиолын орчуулга
  • бизнесийн орчуулга
  • хуулийн нэр томъёоны орчуулга

гэсэн найруулгын төрөл зүйлээр нарийсган мэргэшүүлэхээр сургалтын төлөвлөгөөнд тусгасан нь төгсөгчдийн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх хийгээд хөрвөх чадварыг нэмэгдүүлнэ.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

  • Германы Эрдмийн Солилцооны Алба (ДААД)- ны “Герман хэлний зуны сургалт”-ын бүрэн тэтгэлэг
  • Швейцар улсад багшийн дээд сургуульд нэг жилийн хугацаатай суралцах
  • Герман улсад зуны амралтаараа ажил хийж, хэл соёлын мэдлэгээ дээшлүүлэх боломж олгох ОУ-ын хөтөлбөрт хамрагдах
  • Европын холбооны Еrasmus тэтгэлэгт хамрагдах
  • Германы Гёте институтээс олон улсад оюутнуудын дунд зохион байгуулдаг тэмцээний тэтгэлэг
  • Германы “Олон улсын соёлын солилцооны нийгэмлэг”-ийн хөтөлбөрт хамрагдан Герман улсад 1-1,5 жилийн хугацаатай сайн дурын ажил хийх

    ГЕРМАН ХЭЛ СУРАХЫН ДАВУУ ТАЛ:

    Герман улсад сурч, ажиллах боломж: Герман хэлний мэдлэгтэй бол тэтгэлэгт хамрагдах өргөн боломж нээгдэнэ. Герман улс нь сургалт, судалгааны олон янзын тэтгэлэг байнга зарладаг. Түүнчлэн герман хэл суралцагч оюутан залууст амралтаараа ажил хөдөлмөр эрхлэх тусгайлсан виз олгодог.   

    Германы их сургуулиуд үнэ төлбөргүй: Германы олон их дээд сургууль, дэлхийн шилдэг их дээд сургуулиудийн жагсаалтад багтдаг бөгөөд герман боловсрол дэлхийд өндөр үнэлэгддэг гэдгийг та мэдэх биз ээ. Герман хэл сурснаар германы их дээд сургуульд элсэн суралцах, улмаар ажил мэргэжлийн гараагаа амжилттай эхлүүлэх боломж танд нээгдэх болно.

    Солилцооны хөтөлбөр: Герман хэл суралцагч оюутан, сурагчдад төрөл бүрийн солилцооны хөтөлбөрт хамрагдах өргөн боломж бий.

    Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт: Герман хэлээр ярилцагч орнуудын иргэд аялах дуртай байдаг ба герман хэлтэй хөтчөөр үйлчлүүлэхийг илүүд үздэг ажээ.

    Утга зохиол, урлаг, философийн таашаал: Герман хэлний мэдлэгтэй бол Гёте, Кафка, Моцарт, Бах, Бээтховэний сонгодог зохиол бүтээлийг эх хэлээр нь уншиж судлах, сонсох завшаантай хэрэг шүү.

    Өргөн хэрэглээний хэл: Герман хэл дэлхийд хамгийн олон хүн ярьдаг 10 хэлний нэг ба Европ даяар хамгийн өргөн хэрэглэдэг хэлний нэг.

    Шинжлэх ухаан, судалгааны салбарт: Герман хэл бол судалгаа, шинжилгээний хэл мөн.  Герман улс судалгаа шинжилгээ, шинжлэх ухааны хөгжлийн түлхүүр болсон салбаруудад дэлхийд 3 дугаарт ордог бөгөөд гадаадын судлаачдад судалгааны ажилд нь зориулан тэтгэлэг өгдөг.

    Ажил хэргийн харилцаанд: Герман хэлтэй бизнесийн түншүүдтэйгээ герман хэлээр

    харилцах нь ажил хэргийн харилцаанд сайнаар нөлөөлж улмаар илүү их үр өгөөжтэй түншлэлийг бий болгож амжилтанд хүргэнэ.

    Соёлын мэдлэг: Герман хэлний мэдлэгтэй бол Герман хэлээр хэлэлцэгч орнуудын олон хэл, соёлт ард түмний ахуй амьдрал, хүсэл мөрөөдөлтэй нь танилцах болно.

    Олон улсын түвшинд ажиллах: Герман хэл сурснаар та өөрийн болон гадаад улсад буй германы компаниудад ажиллах боломжтой. Герман хэлний мэдлэг тань сайн байх тусам олон улсад бизнесийн үйл ажиллагаа явуулдаг ажил олгогч тань таныг бүтээлч хамтран ажиллагч хэмээн үнэлэх болно.

    Холбоо харилцаа: Хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбар дах хөгжил нь олон хэлээр харилцах шаардлагыг нэмэгдүүлсээр байна. Дэлхийд тэргүүлэгч олон тооны цахим хуудас герман хэлээр байдаг. Түүнээс гадна Герман улс шинэ ном хэвлэх тоогоороо Энэтхэг, Их Британи, АНУ, Хятад, Оросын дараа дэлхийд 6-д ордог. Тиймээс герман хэлтэй байх нь мэдээлэл авах илүү өргөн боломжийг танд олгоно.

    Аялал, жуулчлал: Герман хэлний мэдлэгтэй бол Герман хэлээр хэлэлцэгч улс орноос гадна Зүүн Европын улс орнуудаар төвөггүй аялах болно.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Европын олон хэлний стандартын (CEFR) B2-C1 түвшинд герман хэлээр ярих, сонсох, унших, бичих чадвар эзэмших;

  • Герман хэлний мэдлэгээ өдөр тутмын харилцаа, ажил мэргэжилдээ сэргээн санах, амаар болон бичгээр чөлөөтэй хэрэглэх, эх болон герман хэлээр тодорхой, ойлгомжтой, учир зүйн цэгцтэй илэрхийлэх болон бусадтай энэ талаараа хэлэлцэх мэдлэг, чадвартай;

  • Германы их дээд сургуульд элсэн орох герман хэлний шалгалтыг амжилттай өгөх мэдлэг чадвартай;

  • Нийгэм улс төр, албан бичгийн, уран зохиолын, хууль эрх зүйн, бизнесийн эх бичвэрийг эх хэлнээс герман хэл рүү, герман хэлнээс эх хэл рүү амаар, бичгээр орчуулах чадвартай, орчуулга зүйн онолын суурь мэдлэгтэй;

  • Герман болон монгол үндэстний аж төрөл, соёл, уламжлал, зан заншил, сүсэг бишрэл зэрэг үндэсний онцлог бүхий илэрхийллийг оновчтой орчуулах, ард түмний түүх соёлыг бусдад танилцуулах чадварт суралцан аяллын хөтөч хийх мэдлэг, чадварт суралцах;

  • Бусдын өгүүлсэн хийгээд бичсэнийг, нэн ялангуяа шинжлэх ухаан, эдийн засаг, улс төрийн онцгой ач холбогдолтой чухал мэдээллийг онцлох, нэгтгэх, гол санааг хэл зүйн хувьд зөв, үгийн сан, утгын хувьд гажуудалгүйгээр орчуулах чадвартай;

  • Герман, Австри, Швейцарийн газар зүй, хүн ам, нийгэм эдийн засаг, түүх, соёл, уран зохиол, зан заншлын талаар өргөн мэдлэгтэй;

  • Мэдээллийн технологи ашиглан салбарын болон ажил мэргэжлийн хүрээнд шаардлагатай мэдээлэл баримтыг бие даан, хамтран буюу багаар ажиллан герман хэл дээр болон эх хэл дээр цуглуулах;

  • Судалгаа, сургалт, орчуулгын техник хэрэгсэл хэрэглэх чадвартай.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Хөрвөн ажиллах салбар:

  • Олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөр
  • Соёлын байгууллага
  • Олон нийтийн байгууллага
  • Төрийн өмчийн болон төрийн бус байгууллага
  • Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хүрээлэн
  • Хэвлэл мэдээллийн салбар
  • Гадаад харилцааны салбар
  • Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар
  • Гадаадын хөрөнгө оруулалттай, хамтарсан аж ахуйн нэгж

Нэмэлт мэдээлэл

Шинжлэх ухааны сургууль - Хүмүүнлэгийн ухааны салбар хөтөлбөрүүд