Герман хэл Таны амжилтын хөтөч.

Хэл шинжлэл /Герман/ хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

МУИС-д 1968 онд Герман хэлний дугуйлан анх нээгдэж герман хэлтэй мэргэжилтэн сургаж эхэлсэн бол 1991 оноос Герман судлал салбарт дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж ирсэн түүхтэй. Өдгөө Монгол улсад зөвхөн МУИС-д Хэл шинжлэл /Герман/, Гадаад хэлний орчуулга /Герман/ хөтөлбөрөөр хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, герман хэлээр дагнасан боловсон хүчин бэлтгэж буй нь тус хөтөлбөрийн нэгэн том давуу тал юм. Герман хэл судлал, орчуулгын практик чадвар олгох тал дээр манлайлсан хөтөлбөр байж, улс орны хөгжилд бүтээлч хувь нэмэр оруулах чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд „Хэл шинжлэл /Герман/ хөтөлбөрийн эрхэм зорилго оршино.

            „Хэл шинжлэл /Герман/“ хөтөлбөрт онол дадлагын хичээлийн зохистой харьцааг баримтлан хэлний мэдлэг болон хэл зүй, ярих-сонсох, унших-бичих хэлэхүйн чадварын хичээлийн багц цагийг өндөр тогтоож, герман хэл шинжлэлийн онолын мэдлэгийг герман хэлний

  • авиа зүй

  • үг зүй

  • өгүүлбэр зүй

  • үгийн сан судлал

  • найруулга зүй

гэсэн хэлний түвшинд олгохоор, орчуулгын хичээлийг найруулгын төрөл зүйлээр сонгон судлах боломжтойгоор сургалтын төлөвлөгөөнд тусгасан нь хэл шинжээч, судлаач төдийгүй орчуулагч, хэлмэрчээр ажиллах мэдлэг чадвартай, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх хийгээд хөрвөх чадвартай төгсөгчид бэлтгэх боломжийг бүрдүүлсэн.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

  • Германы Эрдмийн Солилцооны Алба (ДААД)- ны “Герман хэлний зуны сургалт”-ын бүрэн тэтгэлэг

  • Швейцар улсад багшийн дээд сургуульд нэг жилийн хугацаатай суралцах

  • Европын холбооны Еrasmus тэтгэлэгт хамрагдах

  • Германы Гёте институтээс олон улсад оюутнуудын дунд зохион байгуулдаг тэмцээний тэтгэлэг

  • Германы “Олон улсын соёлын солилцооны нийгэмлэг”-ийн хөтөлбөрт хамрагдан Герман улсад 1-1,5 жилийн хугацаатай сайн дурын ажил хийх

  • Герман улсад зуны амралтаараа ажил хийж, хэл соёлын мэдлэгээ дээшлүүлэх боломж олгох ОУ-ын хөтөлбөрт хамрагдах

    ГЕРМАН ХЭЛ СУРАХЫН ДАВУУ ТАЛ:

    Герман улсад сурч, ажиллах боломж: Герман хэлний мэдлэгтэй бол тэтгэлэгт хамрагдах өргөн боломж нээгдэнэ. Герман улс нь сургалт, судалгааны олон янзын тэтгэлэг байнга зарладаг. Түүнчлэн герман хэл суралцагч оюутан залууст амралтаараа ажил хөдөлмөр эрхлэх тусгайлсан виз олгодог.   

    Германы их сургуулиуд үнэ төлбөргүй: Германы олон их дээд сургууль, дэлхийн шилдэг их дээд сургуулиудийн жагсаалтад багтдаг бөгөөд герман боловсрол дэлхийд өндөр үнэлэгддэг гэдгийг та мэдэх биз ээ. Герман хэл сурснаар германы их дээд сургуульд элсэн суралцах, улмаар ажил мэргэжлийн гараагаа амжилттай эхлүүлэх боломж танд нээгдэх болно.

    Солилцооны хөтөлбөр: Герман хэл суралцагч оюутан, сурагчдад төрөл бүрийн солилцооны хөтөлбөрт хамрагдах өргөн боломж бий.

    Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт: Герман хэлээр ярилцагч орнуудын иргэд аялах дуртай байдаг ба герман хэлтэй хөтчөөр үйлчлүүлэхийг илүүд үздэг ажээ.

    Утга зохиол, урлаг, философийн таашаал: Герман хэлний мэдлэгтэй бол Гёте, Кафка, Моцарт, Бах, Бээтховэний сонгодог зохиол бүтээлийг эх хэлээр нь уншиж судлах, сонсох завшаантай хэрэг шүү.

    Өргөн хэрэглээний хэл: Герман хэл дэлхийд хамгийн олон хүн ярьдаг 10 хэлний нэг ба Европ даяар хамгийн өргөн хэрэглэдэг хэлний нэг.

    Шинжлэх ухаан, судалгааны салбарт: Герман хэл бол судалгаа, шинжилгээний хэл мөн.  Герман улс судалгаа шинжилгээ, шинжлэх ухааны хөгжлийн түлхүүр болсон салбаруудад дэлхийд 3 дугаарт ордог бөгөөд гадаадын судлаачдад судалгааны ажилд нь зориулан тэтгэлэг өгдөг.

    Ажил хэргийн харилцаанд: Герман хэлтэй бизнесийн түншүүдтэйгээ герман хэлээр

    харилцах нь ажил хэргийн харилцаанд сайнаар нөлөөлж улмаар илүү их үр өгөөжтэй түншлэлийг бий болгож амжилтанд хүргэнэ.

    Соёлын мэдлэг: Герман хэлний мэдлэгтэй бол Герман хэлээр хэлэлцэгч орнуудын олон хэл, соёлт ард түмний ахуй амьдрал, хүсэл мөрөөдөлтэй нь танилцах болно.

    Олон улсын түвшинд ажиллах: Герман хэл сурснаар та өөрийн болон гадаад улсад буй германы компаниудад ажиллах боломжтой. Герман хэлний мэдлэг тань сайн байх тусам олон улсад бизнесийн үйл ажиллагаа явуулдаг ажил олгогч тань таныг бүтээлч хамтран ажиллагч хэмээн үнэлэх болно.

    Холбоо харилцаа: Хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбар дах хөгжил нь олон хэлээр харилцах шаардлагыг нэмэгдүүлсээр байна. Дэлхийд тэргүүлэгч олон тооны цахим хуудас герман хэлээр байдаг. Түүнээс гадна Герман улс шинэ ном хэвлэх тоогоороо Энэтхэг, Их Британи, АНУ, Хятад, Оросын дараа дэлхийд 6-д ордог. Тиймээс герман хэлтэй байх нь мэдээлэл авах илүү өргөн боломжийг танд олгоно.

    Аялал, жуулчлал: Герман хэлний мэдлэгтэй бол Герман хэлээр хэлэлцэгч улс орноос гадна Зүүн Европын улс орнуудаар төвөггүй аялах болно.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Европын олон хэлний стандартын (CEFR) B2-C1 түвшинд герман хэлээр ярих, сонсох, унших, бичих чадвар эзэмших;

  • Герман хэлний мэдлэгээ өдөр тутмын харилцаа, ажил мэргэжилдээ сэргээн санах, амаар болон бичгээр чөлөөтэй хэрэглэх, эх болон герман хэлээр тодорхой, ойлгомжтой, учир зүйн цэгцтэй илэрхийлэх болон бусадтай энэ талаараа хэлэлцэх мэдлэг, чадвартай;

  • Германы их дээд сургуульд элсэн орох герман хэлний шалгалтыг амжилттай өгөх мэдлэг чадвартай;

  • Хэлийг тэмдэгийн тогтолцоо болох талаас нь судлан бүтэц, мөн чанарыг мэдэж авч, хэл шинжлэлийн онолын үндсэн ухагдахуун, нэр томьёоны тогтолцоог ойлгож, мэдсэн. Энэхүү мэдлэгийг ашиглан  хэлний зүй тогтлыг тодорхойлох, тайлбарлах  чадвартай; 

  • Эх болон судалж буй гадаад хэлний аман болон бичгийн хэлний хэрэглээний баримтаар хэлний үзэгдлийг тайлбарлах, зэрэгцүүлэн судалж, ижил болон ялгаатай талыг олж тогтоох, дүн шинжилгээ хийх чадвартай;

  • Хоёр хэлний аман ба бичгийн хэлний хэрэглээг зорилтот түвшинд эзэмшин өөрөө зохион бичих, найруулан бичих, бусдын хэрэглээний баримтад дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, засвар хийх чадвартай;

  • Эзэмшсэн онолын мэдлэгийг баримттай холбон тайлбарлах, хоёр хэлний баримтыг зэрэгцүүлэн судлах, баримтын судалгаагаар онолыг баяжуулах чадамжтай;

  • Герман, Австри, Швейцарийн газар зүй, хүн ам, нийгэм эдийн засаг, түүх, соёл, уран зохиол, зан заншлын талаар өргөн мэдлэгтэй;

  • Мэдээллийн технологи ашиглан салбарын болон ажил мэргэжлийн хүрээнд шаардлагатай мэдээлэл баримтыг бие даан, хамтран буюу багаар ажиллан герман хэл дээр болон эх хэл дээр цуглуулах;

  • Судалгаа, сургалт, орчуулгын техник хэрэгсэл хэрэглэх чадвартай.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Хөрвөн ажиллах салбар:

  • Олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөр
  • Соёлын байгууллага
  • Олон нийтийн байгууллага
  • Төрийн өмчийн болон төрийн бус байгууллага
  • Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хүрээлэн
  • Хэвлэл мэдээллийн салбар
  • Гадаад харилцааны салбар
  • Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар
  • Гадаадын хөрөнгө оруулалттай, хамтарсан аж ахуйн нэгж

Нэмэлт мэдээлэл

Шинжлэх ухааны сургууль - Хүмүүнлэгийн ухааны салбар хөтөлбөрүүд