Эх Дэлхийгээ судлаж, Эх орноо хөгжүүлнэ.

Геологи хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Товч танилцуулга:

  • Геологи хөтөлбөр МУИС-д 1960 оноос хэрэгжиж эхэлсэн ба 2018 онд БМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн.
  • Геологи, уул уурхайн салбар нь Монгол улсын эдийн засагт маш чухал байр суурь эзэлдэг тул ажлын байрны эрэлт ихтэй байдаг.
  • Уг салбарт ажиллаж буй хүмүүсийн цалин улсын дундажаас 2.4 дахин өндөр.
  • Нийт төгсөгчидийн 70% нь сургууль төгсөөд 2 сарын дотор, 95% нь 6 сарын дотор мэргэжлийнхээ ажилд ордог.
  • Манай төгсөгчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ба Ази, Австрали, Африк, Америк тивд хэрэгжиж буй геологи, хайгуулын төслүүд дээр ажиллаж байна.

Хөтөлбөрийн танилцуулга:

Геологи нь Дэлхийг судалдаг, Байгалийн шинжлэх ухааны нэг салбар шинжлэх ухаан юм.  

Геологи хөтөлбөрийн зорилго нь геологийн болон ашигт малтмалын ордын судалгааг олон улсын төвшинд хүлээн зөшөөрөгдөх хэмжээнд гүйцэтгэх мэдлэг, чадвар бүхий үндэсний мэргэжилтэнг бэлтгэхэд оршино. Уг хөтөлбөрөөр суралцагч нь дэлхийн бүтэц, дэлхийн хөгжлийн түүх, эртний ургамал, амьтан, эрдэс, чулуулгийн найрлага, гарал үүсэл болон төрөл бүрийн ашигт малтмалын судалгаа хийх орчин үеийн судалгааны аргуудад суралцана.

Оюутан суралцах эхний жилдээ ерөнхий эрдмийн хичээлийг, хоёр дахь жилээс геологийн суурь хичээлүүдийг, гурав дахь жилээс (i) геологийн эрэл хайгуул, (ii) шатах ашигт малтмалын геологи, эрэл хайгуул, (iii) геологи, эрдэс баялагийн удирдлага, (iv) геологийн зураглал, (v)инженер геологи, геотехник, (vi) геологи палеонтологи гэсэн 6 чиглэлийн аль нэгийг сонгон, гүнзгийрэн суралцаж төгсөнө. Оюутан суралцах хугацаандаа 3 удаагийн хээрийн дадлага хийж, онолын мэдлэгээ бататгадаг. Энэ нь төгсөөд ажиллахад оюутанд маш дөхөм болно. Мөн чөлөөт сонголтын 15 багц цагт багтаан мэргэжлийн хичээл эсвэл МУИС-ийн бусад мэргэжлийн хөтөлбөрүүдээс хичээл сонгон суралцана. Оюутан төгссөнийхөө дараа үргэлжлүүлэн магистрын хөтөлбөрт элсэн суралцаж болно.

Геологи хөтөлбөр 2018 онд БМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн. 

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

  • Геологи, уул уурхайн салбар 2018 онд Монголын ДНБ 21%, экспортын 87%-ийг үйлдвэрлэсэн ба манай улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр нь ойрын жилүүдэд буурахгүй. Иймд ирээдүйд энэ салбарт ажиллах мэргэжилтүүдийн ажлын байрны эрэлт, хэрэгцээ өндөр байх болно.
  • Геологич мэргэжил Монгол улсад хамгийн эрэлттэй 10 мэргэжилд багтаж байна (2017 оны судалгаа).
  • Геологи, уул уурхайн салбарт ажиллагсдын дундаж цалин улсын дундажаас 2.3 дахин өндөр байдаг (2019 оны судалгаа).
  • Төгсөгчдийн 70% нь сургууль төгсөөд 2 сарын дотор, 95% нь 6 сарын дотор мэргэжлийнхээ ажилд ордог (2018 оны судалгаа). 
  • Томоохон аж ахуйн нэгжүүдийн захиалгад уялдуулан үйлдвэрлэлийн дадлагыг зохион байгуулдаг тул манай оюутнууд дадлагаа цалинтай хийдэг. Мөн төгсөөд тухайн байгуулагадаа ажиллах боломж бүрддэг.
  • Гадаадад магистрантур, докторантурт тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах боломж өндөр байдаг.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Геологи хөтөлбөрөөр суралцсан, төгсөгч нь “эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай, эсвэл төрийн өмчийн аж ахуйн нэгжид геологич, төрийн болон эрдэм шинжилгээний байгууллагад мэргэжилтэн болон судлаачаар ажиллах, аж ахуйн нэгж үүсгэн зохион байгуулах, удирдах” мэдлэг, чадвар эзэмшсэн мэргэжилтэн байна.

Өөрөөр хэлбэл төгсөгч нь геологийн шинжлэх ухааны онол, практикийн мэдлэг эзэмшин, Дэлхийн геологийн хөгжлийн зүй тогтол, төрөл бүрийн чулуулгийн найрлага, гарал үүслийг судлан, тэдгээртэй холбоотой үүсэх ашигт малтмалын ордыг эрж олох, ашигт малтмалын ордын эдийн засгийн үнэлгээ хийх, судалгаа гүйцэтгэх чадвартай байна. 

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Геологи хөтөлбөрийг төгсөгчид олон улсын улсын төвшинд хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд сүүлийн 15 жилд Монголдоо төдийгүй Ази, Австрали, Африк, Америк тивд хэрэгжиж буй геологи, хайгуулын төслүүд дээр ажиллаж байна.

Манай төгсөгчид олон улсын корпораци, дотоод болон гадаадын хөрөнгө оруулалттай компанид геологич, инженерээр, төрийн байгууллага, эрдэм шинжилгээ, боловсрол, олон нийтийн байгуулагуудад мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан, багшаар ажилладаг.

Геологи, уул уурхайн компаниуд:

  • Оюутолгой
  • Эрдэнэс-Тавантолгой,
  • Эрдэнэт
  • Энержи Ресурс
  • МАК гэх мэт

Төрийн байгууллагууд:

  • Уул уурхайн яам,
  • Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг

Боловсрол, эрдэм шинжилгээний байгууллага:

  • МУИС,
  • ШУТИС,
  • Геологийн хүрээлэн,
  • Палеонтологийн хүрээлэн гэх мэт

Нэмэлт мэдээлэл

Лабораториуд

Тэнхимийн дэргэд геологийн чиглэлээр Геологийн суурь судалгааны лаборатори, Петрографийн лаборатори, Микропалеонтологийн лаборатори, Инженер геологийн лаборатори, Шатах ашигт малтмалын лаборатори сургалт, судалгаа явуулж байна.

Геологи хөтөлбөрөөр суралцагчид суралцах хугацаандаа эдгээр лабораториудад ажиллан, эрдэм шинжилгээний төсөл болон захиалгат ажлуудад оролцох боломжтой байдаг. Ингэснээр оюутнууд онолын мэдлэгээ бататган, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд суралцахаас гадна, оролцож буй төслүүдээрээ дамжуулан төгсөхөөсөө өмнө ажлын байртай болдог.

Гадаад хамтын ажиллагаа

Тэнхим Монголд үйл ажиллагаа явуулж буй компани, байгуулагуудтай хамтран ажиллахаас гадна

  • БНСУ (Seoul National University, Korean Basic Science Institute, Korea Institute of Geoscience and Mineral Resources),
  • Япон (University of Tsukuba, Nagoya University),
  • Австри (University of Vienna),
  • Хятад (China University of Geoscience, Institute of Geology and Geophysics),
  • ОХУ (Saint-Petersburg Mining University, Irkutsk State University)-ын

их сургууль, хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж байна. Төгсөгчид маань эдгээр сургууль, хүрээлэнгүүдэд магистрантур, докторантурт үргэлжлүүлэн суралцаж болдог.

Геологи, геофизикийн тэнхим хөтөлбөрүүд