Түүх хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Түүх бол хүний өнгөрсөн, эдүгээ, ирээдүйн хэлхээ холбоо юм. Тиймээс ямар ч хүн өнгөрсөн цаг хугацаанд оршин байсан дэлхий ертөнц, улс орон, үндэс угсаа, нийгэм, хэл соёлыг судалснаар эдүгээгээ танин мэдэж, улмаар ирээдүйн зорилгоо зөв тодорхойлж чадна. Даяарчлагдан буй өнөө үед аливаа хувь хүн, улс үндэстэн, бүс нутгийн тусгаар хийгээд хамтран орших, хөгжин дэвшихэд түүхийн нарийн тодорхой мэдлэг олж авах, нийгэм-соёлын бүхий л хүрээнд түүхийн ухааны өргөн цар хүрээтэй судалгаа хийх явдал улам их шаардагдаж, нэн чухал ач холбогдолтойд тооцогдох болжээ.

Монгол улсын хэмжээнд түүхийн судалгаа, сургалтын цогц үйл ажиллагаа явуулдаг хамгийн том төв болох Түүхийн тэнхим нь тус оронд явагдаж буй дээд боловсролын шинэчлэлийн бодлогын үйл ажиллагааны хүрээнд суралцагчдад дэлхийн жишигт ойртсон, өргөн хүрээтэй суурь мэдлэг олгох, онол-ур чадварыг хослуулан эзэмшүүлэх, бие даасан, шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг бэлдэх зорилготойгоор түүхийн ухааны бакалаврын сургалтын хөтөлбөрөө шинэчлэн боловсруулаад байна.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Тус хөтөлбөр нь эзэмшсэн мэргэжил, олж авсан мэдлэг, ур чадвар нь магистрантурт суралцах, түүхийн мэргэжлийн байгууллагууд болон түүх, соёл, боловсролын салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэн явуулагч томоохон ажил олгогчдын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахуйц өргөн мэдлэгтэй, өрсөлдөхүйц чадвартай боловсон хүчин бэлтгэхээр төлөвлөгдсөн болно.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  •  Монголын түүхийн бүх үеэр судалгаа эхлүүлэх суурь мэдлэгтэй

  • Эрдэм шинжилгээ, судалгааны онол, арга зүйн боловсролтой

  • Түүхийн эх сурвалжтай ажиллах, шинжилгээ хийх чадвартай

  • Хятад, манж, араб, перс зэрэг сурвалжийн хэлнүүдийн аль нэгийг эзэмшсэн

  • Шинжлэх ухаан, улс төр, нийгэм, соёлын салбарт өрсөлдөх чадвартай

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Түүхийн ангийг төгсөгчид МУБИС-ийн Монголын түүхийн тэнхим, ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургууль, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Архивын Ерөнхий газар, Үндэсний түүхийн музей зэрэг түүхийн сургалт, судалгааны гол байгууллагуудын сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ажлын гол цөм болон ажиллаж байна.

Томоохон ажил олгогчид:

  • Монгол Улсын Архивын Ерөнхий газар, түүний харьяа төвийн болон орон нутгийн бүх архивууд

  • ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон Улсын Харилцааны хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллагууд

  • Монголын Үндэсний Музей, Байгалийн Түүхийн Музей, Цэргийн Түүхийн Музей, Төрийн Түүхийн Музей зэрэг Монголын бүх томоохон музейнүүд, аймаг, сумууд дахь орон нутгийн судлах музейнүүд

  • ШУТИС, МУБИС, ХААИС, УБХИС, СУИС зэрэг Монголын төрийн болон хувийн өмчит томоохон, их, дээд сургуулиуд

  • УИХ, Засгийн газрын яам, тамгын газрууд, орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд

Шинжлэх ухааны сургууль - Хүмүүнлэгийн ухааны салбар хөтөлбөрүүд