Багш, нийгмийн ухааны боловсрол (Түүх) хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Хүн төрөлхтний түүх, соёл, нийгэм, иргэншлийг танин мэдэж, даяарчлагдаж байгаа эрин үед хөл нийлүүлэн амьдрах чадвартай иргэн бэлтгэх нь дэлхийн улс орон бүрийн боловсролын тогтолцооны нэгэн чухал үндэс суурь болжээ. Аливаа хүн өнгөрсөн үеийн түүх, соёл, уламжлал, нийгэм, иргэншлийг судалснаар эдүгээгээ танин мэдэж, улмаар ирээдүйн зорилгоо зөв тодорхойлж чадна. Даяарчлагдан буй өнөө үед аливаа улс үндэстэн оршин тогтнох, хөгжин дэвшихэд өөрийн орны хийгээд бусад улс орны түүх, соёл, иргэншил, нийгмийн талаар тодорхой мэдлэг олж авах, соёлын олон янз байдлыг ойлгож ухаарах, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн чиг хандлагыг ухамсарлан хөл нийлүүлэн хөгжих чадвартай иргэнийг бэлтгэхийг нэн чухал ач холбогдолтойд тооцогдох болжээ. Энэхүү хөтөлбөрөөр суралцан Түүх-нийгэм судлалын багш мэргэжлийг эзэмшсэн багш ЕБС-ийн сурагчдад монголын болон хүн төрөлхтний түүх соёл, иргэншил, нийгмийн талаар цогц мэдлэг, чадвар олгож чадахуйц мэргэжилтэн болж бэлтгэгдэх болно.

Монгол улсын хэмжээнд түүхийн судалгаа, сургалтын цогц үйл ажиллагаа явуулдаг хамгийн том төв болох Түүхийн тэнхим нь тус оронд явагдаж буй дээд боловсролын шинэчлэлийн бодлогын үйл ажиллагааны хүрээнд суралцагчдад дэлхийн жишигт ойртсон, өргөн хүрээтэй суурь мэдлэг олгох, онол-ур чадварыг хослуулан эзэмшүүлэх, бие даасан, шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг бэлдэх зорилготойгоор түүх-нийгэм судлалын багшийн бакалаврын сургалтын хөтөлбөрөө шинэчлэн боловсруулаад байна.

Түүхийн тэнхимийн энэ хөтөлбөр нь 1947 оноос анх үндэсний түүхч, түүхийн багш мэргэжилтэн бэлтгэж эхэлснээс хойш эдүгээ хүртэл 70-аад жилийн хугацаанд үе үеийн түүхч, түүхийн багш мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн гаргахад онцгой хувь нэмэр оруулсаар ирсэн юм. 2010 оноос ЕБС-ийн багш нарын эрэлт хэрэгцээ, зах зээлд хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор түүх-нийгэм судлалын багшийн бакалаврын хөтөлбөрөөр элсэлт авч эхэлсэн.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Багш, нийгмийн ухааны боловсрол хөтөлбөр нь эзэмшсэн мэргэжил, олж авсан мэдлэг, ур чадвар нь магистрантурт суралцах, ЕБС-д түүх нийгэм судлалын чиглэлийн бүх төрлийн хичээлийг заах, мэргэжлийн байгууллагууд болон түүх, соёл, боловсролын салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэн явуулагч томоохон ажил олгогчдын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахуйц өргөн мэдлэгтэй, өрсөлдөхүйц чадвартай боловсон хүчин бэлтгэхээр төлөвлөгдсөн болно.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Түүх, нийгмийн ухааны хичээл заах мэдлэгтэй

  • Сурган хүмүүжүүлэх, заах арга зүйн боловсролтой

  • Түүхийн эх сурвалжтай ажиллах, шинжилгээ хийх чадвартай

  • Хятад, манж, араб, перс зэрэг сурвалжийн хэлнүүдийн аль нэгийг эзэмшсэн

  • Шинжлэх ухаан, улс төр, нийгэм, соёлын салбарт өрсөлдөх чадвартай

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

  • Ерөнхий боловсролын сургуулийн түүх, нийгмийн ухааны багш

  • Музей соёлын байгууллагууд

  • Боловсролын байгууллагууд (ерөнхий боловсролын сургуулиуд их дээд сургуулиуд)

  • Төрийн захиргааны байгууллагууд

  • Хэвлэл мэдээллийн байгууллага

  • Хувийн хэвшил

  • Томоохон ажил олгогчид:

  • Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яам, түүхий харьяа хот, дүүрэг, аймаг, сумдын Боловсролын газар, хэлтсүүд

  • Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын бүх сургуулиуд

  • ШУТИС, МУБИС, ХААИС, УБХИС, СУИС зэрэг Монголын төрийн болон хувийн өмчит томоохон, их, дээд сургуулиуд

  • УИХ, Засгийн газрын яам, тамгын газрууд, орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд

Шинжлэх ухааны сургууль - Хүмүүнлэгийн ухааны салбар хөтөлбөрүүд