Төлөвлөлтөөс хөгжилд

Хот ба бүс нутгийн төлөвлөлт хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

“Газар зохион байгуулалт, газрын кадастрын мэргэжилтэн нь газрыг үр ашигтай эзэмших, ашиглах, хамгаалах нөхөн сэргээх, сайжруулах, дэвшилтэт арга ухаанаас суралцан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг улс, орон нутгийн хэтийн төлөв чиглэл, газар ашиглалтын зориулалттай уялдуулан зохион байгуулах, газрын эрх зүйн харилцааг хэрэгжүүлэх, түүнд дүн шинжилгээ хийх, холбогдох баримт бичгийг боловсруулах онол аргазүйг  эзэмшсэн, газрын кадастр, зураглал бүртгэлийн ажлыг гүйцэтгэх чадвартай" гэж томъёолсон нь мэргэжлийн дээд боловсролын нийтлэг эрмэлзлэл, МУИС-ийн эрхэм зорилго, Шинжлэх ухааны сургуулийн  Байгалийн ухааны салбарын  сургалтын бодлого, зорилготой бүрэн нийцэж байна.

Хот ба бүс нутаг төлөвлөх эрдэм шинжилгээ, сургалтын нэгдлийг хангаж, мэдлэгт суурилсан нийгэмд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Төгсөгч нь дор дурдсан мэдлэг эзэмшсэн байна. Үүнд:

Хот төлөвлөлтийн хүрээнд:

Хот төлөвлөлт, түүний зураг төслийн талаарх ерөнхий мэдлэг,  арга технологи, хотын ерөнхий төлөвлөгөө, нарийвчилсан төлөвлөгөө, хот төлөвлөлтийн удирлагын талаар дүгнэлт хийх, дүгнэн тодорхойлох, үйл ажиллагаандаа хэрэглэх;

Хот төлөвлөлтийн шинжлэх ухаантай холбоо бүхий хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засаг, барилга байгууламж, зам, тээвэр гэх мэт зүйлсийг уялдуулж төлөвлөлтийн үйл ажиллагаа явуулах;  

Гадаад дотоодын хотуудын хөгжил, хот төлөвлөлтийн чиг хандлага, бодлого, дүрэм тогтоомжийг судлах, дүгнэлт хийх, ашиглах;

Хотын дэд бүтэц, зам, тээвэр хөгжлийн төлөвлөлтийн аргазүйг дүгнэн тодорхойлох.

Монгол орны хот суурины инженер – геологийн нөхцөл болох хөрсөн нөмрөг, бүрэлдэхүүн, цэвдэг, гүний ус, гадаргын морфологи, техноген болон дөрөвдөгчийн хурдас  тэдгээрийг танин мэдэх, тооцоолох;

Бүс нутгийн төлөвлөлт, түүнийг хэрэгжүүлэх талаарх үйл ажиллагаанд оролцох, дүн шинжилгээ хийх;

Хот суурины дахин төлөвлөлт, шинэ хот бий болгох, хотыг шинэчлэн сайжруулах, хөгжүүлэх ерөнхий онол, арга зүйг үйл ажиллагаандаа ашиглах;

Шинжлэх эхааны судалгаа шинжилгээ хийх болон бодитоор ажиллах, төрөл бүрийн баримт бичигт хяналт, дүгнэлт хийх, тодорхойлох, мэдээллийн эх сурвалжуудаас мэдээллийг эрж хайх, ашиглах, боловсруулах;

Мэдээлэл зүйн болон гадаад хэлний мэдлэгтэй бахй, ашиглах;

Мэргэжил нэгт болон бусад хамтран ажиллагсадтайгаа багаар хамтран ажиллах.

Бүс нутаг төлөвлөлтийн хүрээнд:

Бүс нутгийн нийгэм эдийн засгийн цар хүрээ, ач холбогдолыг газар зохион байгуулалт, төлөвлөлтийн хүрээнд авч үзэх,бүс нутгийн хөгжлийн бодогод тулгуурласан тодорхой стратеги боловсруулдаг байх;

Газар болон байгаль ашиглалт, экологийн  хүрээнд үүсэж буй нийгмийн харилцааг  зохицуулахад  холбогдох салбар эрхзүйн харилцаа, тэдгээрийн хэм хэмжээ, механизмуудыг ашигладаг байх;

Бүс нутгийн хөгжлийн төсөл, үндэсний болон бүс нутаг, ай сав газрын  хэмжээнд  газар  хадгалан хамгаалах, ашиглах ерөнхий схем, хөтөлбөр, үндэслэл боловсруулахад шаардагдах урьдчилгаа болон төлөвлөлтийн аргазүйг хэрэглэх чадвартай байх;

Газрын менежментийн бодлого, төлөвлөлт, нөөцийн менежментэд   газар бүсчлэлийн зарчим, аргазүйг хэрэглэх;

Засаг захиргааны нэгжүүдийн  нутаг дэвсгэрийн хуваарийг шинэчлэх, төгөлдөржүүлэх, шинээр нутаг дэвсгэр олгох, нутаг дэвсгэрийн маргааныг зохицуулах  зорилгоор газар зохион байгуулалт- эрх зүйн үүднээс  судалгаа дүгнэлт гаргаж, шийдэл, шийдвэрүүдийн  төслийг боловсруулах, шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах; 

Засаг захиргааны хил, хот, суурины тэг гортиг, аж ахуйн газрын  хилийг тогтоох, зураглах, тэмдэгжүүлэх, баталгаажуулах  газар зохион байгуулалт- геодезийн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх.

Хот суурины газар ашиглалт, төлөвлөлтийн хүрээнд:

Газрын менежментийн бодлогын үүднээс хотын нутаг дэвсгэр дэхь  газрын нөөцийг газар бүсчлэлийн аргыг ашиглан эрхзүйн зохицуулалт, хадгалалт, хамгаалалт, ашиглалтын горимын бүсүүд (хэсгүүдэд) хувааж,тэдгээрийн менежментийн арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх үйл ажиллагааг аргазүй,  зохион байгуулалтын удирдлагаар хангаж чаддаг байх;

Хүн амын суурьшлын бүсэд шаардагдах газрын тооцоог хийж, хэрэгцээт  газрыг газрын тохиромжтой байдлын үнэлгээний үндсэн дээр сонгон авч чаддаг байх, нутаг дэвсгэрийн зохион байгуулалтыг янз бүрийн чиг үүрэг бүхий чиг үүргийн бүсүүдийн зарчмаар төлөвлөж чаддаг байх;

Усны нөөц, түүний байгалийн тэнцэл, усны чанарыг хамгаалахад усны сан бүхий газрын  ашиглалт хамгаалалтын горимын бүсүүдийн зарчмыг хэрэглэж, тэдгээр бүсүүдийн  байгаль- экологи, нийгэм, эдийн засаг, аж ахуйн тодорхой нөхцөл байдалтай нь  уялдсан менежментийг төлөвлөн хэрэгжилтийг зохион байгуулж чаддаг байх;

Хот суурины орчмын ногоон бүс, хот доторх ногоон байгууламж бүхий газарт экологи- аж ахуйн ач холбогдолын үнэлгээ өгч  ашиглалт, хамгаалалтын горимын бүсүүдэд хуваарилан, тэдгээрт ойн сан бүхий газрын менежментийн арга хэмжээг ой, ойн нөөцийг зохистой ашиглах хамгаалах, нөхөн сэргээх, тэтгэн дэмжих зорилготой уялдуулан төлөвлөх чадвартай байх;

Нутаг дэвсгэрийн ландшафт- экологийн үндэслэл инженерийн засан тохижилт, тохижуулалтын зарчмыг мэддэг, төмөр болон автозам, эрчим хүч, холбоо мэдээллийн шугам сүлжээ, яндан хоолойн тээврийн зурвас газрын төлөвлөлтийн зарчим, нормативийг  мэддэг, зам, шугам сүлжээний газрын менежментийг төлөвлөж чаддаг байх;

Газар хадгалан хамгаалах, нөхөн сэргээх, тэтгэн сайжруулах хэрэгцээ шаардлагыг илрүүлж, үнэлж дүгнэх,  холбогдох арга хэрэглүүр, аргуудыг  зөв сонгон авах мэдлэгтэй байх;

Газар хадгалах, хамгаалах, газрын орон зайн болон чадавхийн нөөцийг нөхөн үйлдвэрлэхэд шаардагдах шинжлэх ухаан- технологийн төрөлжсөн арга хэмжээнүүдийн  техник- эдийн засгийн үндэслэл, ажлын зураг төслийг боловсруулах, эдгээрийн төсөв зохиох  аргачлал,  аргазүйг мэддэг, бие даан эсвэл зураг төслийн багт орж тодорхой хэсгийг хариуцан гүйцэтгэх чадвартай байх;

Аж ахуйн үйл ажиллагааны явцад зайлшгүй шаардлагаар эвдэлсэн болон байгалийн ба антропогени нөлөөллөөр эвдэрсэн газрыг нөхөн сэргээх техник – ажлын төсөл, зураг төсөв боловсруулах аргачлал, аргазүйг эзэмшсэн байх;

 Газрын нөөцийн хайгуул-судалгаа, зураглал, зураг төслийн болон газрын кадастрын  ажлыг гүйцэтгэх технологийг мэддэг,  энэ чиглэлийн үйлдвэрлэлийн ажлыг төлөвлөж,  мэргэжлийн удирдлагаар хангаж чаддаг байх;

Хот суурины газрын мэдээллийн менежментийн хүрээнд:

Газрын мэдээллийн системийн төлөвлөлт, зохион байгуулалт,  мэдээллийн менежментийн үндсэн зарчмуудыг эзэмшисэн байх;

Байгалийн нөөцийн тандан судалгаа, газарзүйн мэдээллийн системийн үндсэн зарчмыг  Ilwis Academic, Esri Arc view   зэрэг стандарт программаар эзэмшисэн, ARC/INFO,  Arc GIS программуудаар газрын нөөцийн  орон зайн болон атрибут мэдээллийг боловсруулдаг байх;

Газарзүйн байрлал, зай, талбайн хэмжилт, зураглалын үндсэн багажуудыг ашиглаж чаддаг, видео, агаар, сансарын зураг- мэдээллийг тайлах арга технологийг эзэмшсэн, уламжлалт болон хөгжингүй технологийн аргаар газрын мэдээлэл үүсгэж боловсруулж, шинэчлэх чадвартай байх.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

  • МУЗГ - ын Барилга, хот байгуулалтын яам
  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
  • Аймаг, нийслэл, дүүргийн газрын албад
  • Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар
  • Нийслэлийн зураг төслийн хүрээлэн нийслэлийн өмчит үйлдвэрийн газар
  • Барилгын хөгжлийн төв
  • Аймгуудын Барилга, хот байгуулалтын газар
  • Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрууд
  • Орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд 
  • Шинжлэх ухаан болон дээд боловсролын байгууллагууд
  • Олон улсын төсөл, хөтөлбөр болон төрийн бус байгууллагууд
  • Барилга, үл хөдлөх хөрөнгө болон бусад хувийн хэвшлийн байгууллагуудад
  • ОУ-ын төсөл, хөтөлбөр болон төрийн бус байгууллагуудад ажиллах боломжтой