Сэтгэл судлал бол хэний ч ойлгохгүй байгаа зүйлсийг хүн бүхний ойлгох хэл дээр тайлбарладаг шинжлэх ухаан юм

Сэтгэл судлал хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Сэтгэл судлалын бакалаврын хөтөлбөр нь хүний сэтгэцийн үзэгдэл, зан үйлийг тодорхойлох, тайлбарлах, урьдчилан таамаглах арга зүйд суралцуулж улмаар хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд сэтгэл зүйн мэргэжлийн дэмжлэг, зөвлөгөө өгөх чадвартай боловсон хүчнийг бэлтгэх зорилготой.

 

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

  • Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь хүний амьдралын бүхий л хүрээнд хэрэглэгддэг тул та мэдлэг чадвараа өдөр дутмын амьдралдаа ашиглах боломжтой.
  • Сэтгэл зүйн үзэгдлийг хувь хүн, бүлэг, нийгмийн хүрээнд тодорхойлж, тайлбарлах онолын гүнзгий мэдлэгтэй болно.
  • Сэтгэл зүйн үзэгдлүүдийн шинжүүдийг тодорхойлох, судалгаа шинжилгээ хийх чадвартй болно.
  • Бүхий л насныханд ганцаарчилсан болон бүлгийн, байгууллагын сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сургалт семинар зохион байгуулах мэдлэгтэй болно.
  • Хүмүүс үр бүтээлтэй сурч, ажиллах, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, харилцаагаа сайжруулах, байгаль орчинд ээлтэй зан үйлийг бий болгоход туслах гэх мэт олон чухал үүрэг гүйцэтгэнэ

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Сэтгэл зүйн үзэгдлийг хувь хүн, бүлэг, нийгмийн хүрээнд тодорхойлж, тайлбарлах онолын гүнзгий мэдлэг;
  • Сэтгэл зүйн үзэгдлийг тодорхойлох, тайлбарлах, таамаглах, өөрчлөхөд чиглэсэн судалгааны арга зүйгээ боловсруулах, судалгаа шинжилгээ хийх, үр дүнг боловсруулан бичих чадвар;
  • Хүүхэд, насанд хүрэгчид, байгууллага, хамт олонд бүлгийн болон ганцаарчилсан сэтгэл зүйн тусламж үйлчилгээг үзүүлэх чадвар;
  • Аливаад шинийг эрэлхийлэх, санаачлагатай, бүтээлч хандлага;
  • Хамтран шүүн хэлэлцэх, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах чадвар;
  • Бие даан суралцах зэрэг хувь хүний ур чадвараа хөгжүүлж, мэргэжлийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах хандлагатай болно

 

Мэргэжлийн хичээлүүд

Оюутан та ерөнхий суурийн 36 багц цагийг цуглуулан Сэтгэл судлалын хөтөлбөрт элсэн орсноор 45 багц цагийн 16 хичээлийг заавал судлах ёстой байдаг. Харин гүнзгийрүүлэн судлах хоёр чиглэлийн аль нэгээр 15 багц цагийн хичээлийг сонгон судлах боломжтой.

Заавал судлах хичээлүүдээс дурдвал:

  • Сэтгэц физиологи

Хүний мэдрэлийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг, зан үйлийг тархины ямар хэсгүүд удирдаж, зохицуулдаг болохыг судална.

  • Нийгмийн сэтгэл судлал

Нийгмийн орчинд болж буй үзэгдэл, үйл явцад сэтгэл зүйн талаас дүн шинжилгээ хийх, их болон бага бүлгийн онцлогийг танин мэдэх, олон нийтийг хамарсан үзэгдлийг нийгмийн сэтгэл судлалын үүднээс судална.

  • Хөгжлийн сэтгэл судлал 3бц

Эхийн хэвлийд байхаас эхлээд бүхий л амьдралын үе шатууд дахь хүний бие физиологи, танин мэдэхүй, нийгэмшил, бие хүний онцлогийг судална.

  • Туршилтын сэтгэл судлал

Лабораторийн орчинд аппарат хэрэгслийг ашиглаж сэтгэц, зан үйлийг туршилтын аргаар судална.

  • Харилцааны сэтгэл судлал

Харилцааны сэтгэл судлалын хичээлээр хүн-нийгэм, хүн-хүний хоорондын харилцааны үүсэл хөгжил, үүрэг зорилго, ач холбогдол, онцлог шинжийг онолын үүднээс судлаж, мэдлэг эзэмшихийн сацуу ажил амьдралдаа хэрэглэх чадвар дадлыг эзэмшинэ.

  • Бие хүний сэтгэл судлал

Бие хүний сэтгэл судлалын хичээлээр бие хүний онцлогийг онолын үүднээс шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар өгөх чадвартай болно.

  • Психотерапи

Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүн зан байдлаа өөрчлөх, асуудлаа шийдвэрлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, сэтгэл зүйн арга техникийг ашиглахад суралцана.

  • Сэтгэц оношилгоо

Хувь хүн болон нийгмийн бүлгүүдийн онцлогийг тодорхойлох аргуудыг эзэмшиж, ашиглахад суралцана.

Оюутнууд өдөрлөгийн үеэр зурган тестээр сэтгэл зүйн оношилгоо хийж байгаа нь

  • Байгууллагын сэтгэл судлал

Ажилтныг сонгон шалгаруулах, шинэ ажилтныг дасан зохицоход дэмжлэг үзүүлэх, байгууллагын зөрчил маргааныг шийдвэрлэх, ажил байран дээрх хөгжил, сэдэлжүүлэлтийн талаар судална.

Гүнзгийрүүлэн судлах чиглэл ба хичээлүүд:

  1. Хөгжлийн ба сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал
  • Клиник сэтгэл судлал,
  • Сэтгэл зүйн зөвлөгөө,
  • Сэтгэл зүйн алба,
  • Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал,
  • Жендерийн сэтгэл судлал,
  • Гэр бүлийн сэтгэл судлал,
  • Хүүхдийн сэтгэл судлал,
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний сэтгэл судлал,
  • Хүүхэд судлах арга зүй,
  • Психографологи,
  • Спортын сэтгэл судлал.
  1. Нийгмийн сэтгэл судлал
  • Түүхэн сэтгэл судлал,
  • Удирдлагын сэтгэл судлал,
  • Угсаатны сэтгэл судлал,
  • Хуулийн сэтгэл судлал, экологийн сэтгэл судлал,
  • Эдийн засгийн сэтгэл судлал,
  • Шашны сэтгэл судлал,
  • Улс төрийн сэтгэл судлал.

Үйлдвэрлэлийн (Хээрийн) дадлага

2018-2019 оны хичээлийн жилийн үйлдвэрлэлийн дадлагаар судалгаа авч байгаа нь

Оюутнууд танхимын сургалтаар эзэмшсэн сэтгэл судлалын судалгаа шинжилгээний ажлын онолын мэдлэг, чадвараа практик үйл ажиллагаатай холбон бататган гүнзгийрүүлж, бодит талбар дээр тулгамдах хүндрэл бэрхшээлүүдийг бүтээлчээр шийдвэрлэх чадвар эзэмшихийн зэрэгцээ Монгол хүний сэтгэл зүйн онцлогийн талаар судалгаа хийхэд хээрийн дадлага чиглэж байна.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Сэтгэл судлаач мэргэжлийг эзэмшсэн төгсөгчид маань дараах ажлын байранд ажиллах боломжтой. Үүнд:

  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвд сэтгэл судлаач;
  • ЕБС-д сэтгэл судлаач;
  • Цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг хүчний байгууллагад сэтгэл судлаач;
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаар ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагад сэтгэл судлаач;
  • Улсын хэмжээний болон дүүргийн нэгдсэн эмнэлэгт сэтгэл судлаач;
  • Хүүхдийн халамж асрамжийн төвд сэтгэл судлаач;
  • Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд боловсрол олгох төвд сэтгэл судлаач;
  • Хүмүүнлэгийн болон олон улсын байгууллагад сэтгэл судлаач;
  • Судалгаа шинжилгээний байгууллагад судлаач;
  • Хувь хүний хөгжлийн зөвлөх (ментор);
  • Их, дээд сургуулийн сэтгэл судлалын багш.

Мөн мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдсанаар бусад мэргэжлийн салбарт хөрвөх боломжтой. Тухайлбал, төрийн болон бизнесийн байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэнээр мэргэшин ажиллахад давуу талтай.

Нэмэлт мэдээлэл

Боловсрол, Сэтгэл судлалын тэнхимийн оюутнуудын “ПСИХЕЯ” клуб

2015 оноос эхлэн тэнхимийн дэргэд байгуулагдсан “ПСИХЕЯ” клуб нь сэтгэл судлалын шиинжлэх ухааныг сонирхсон бүх оюутнуудад нээлттэйгэээр үйл ажиллагаагаа явуулж байна. Клубын гишүүддээ сэтгэл судлалын мэргэжлийг таниулах, мэдлэг олгох, сэтгэл судлалаар суралцдаг оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой. Тус клуб нь МУИС-ийн уран илтгэл, парламентын мэтгэлцээний “БЕСТ” клубтэй хамтран хүүхдийн хориход ял эдэлж буй хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг өгсөн ба мөн ном цуглуулан хандивласан байна. 

 

 

 

 

Боловсрол, сэтгэл судлалын тэнхим хөтөлбөрүүд