Хүн та эхлээд өөрийгөө танин мэд. Тэгвэл орчлон ертөнц хийгээд бүгдийг танин мэдэж чадна.

Антропологи хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Антропологийн хөтөлбөр хамгийн ерөнхий утгаараа биологийн болон нийгмийн гэсэн хоёр үндсэн дэд салбартай бөгөөд хүмүний байгаль болон соёлын мөн чанарыг аль алиныг нь бүр эрт үеэс нь орчин цагийн асуудлыг хүртэл хамруулан авч судалдаг өвөрмөц шинжлэх ухааны салбар юм. Тус хөтөлбөр хүмүний байгалийн төдийгүй бас нийгмийн амьтан, соёлын амьтан байхын учир холбогдолыг ойлгуулж, хүн төрөлхтний олон янз байдлын байгалийн болон нийгмийн мөн чанар, түүнээс үүдэх зөрчил үл ойлголцолын учрыг тайлан тайлбарладаг. Зөвхөн багалийн болон нийгмийн олон янз байдал, олон соёлын зөрчил төдийгүй, хүйсийн ялгаа, эрт эдүгэгийн хөгжлийн ялгаа, шүтлэг бишрэл шашны ялгаа, эрх мэдлийн харьцаа, тэгш бусын ялгаа, аж ахуйн хэвшил, байгал орчинтой харьцах хүний харьцаан дах ялгаа зэрэг бүхий л ялгаа зөрөө, түүнээс үүдэх зөрчил, бас нөгөө талаар ялгаанаас гадна тэдний адил төстэй байдал, нэгдэл нийлэг цаашлаад ижилсэл, угсаатан, үндэстний асуудлыг авч судалдагаараа ерөнхий хирнээ бас гүн гүнзгий шинжлэх ухаанч мэдлэгийг олгоно.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Английн Кембрижийн их сургууль, Лондонгийн их сургуулийн коллеж, Бристолын их сургууль Австрийн шинжлэх ухааны академи, Копенгагены их сургууль, АНУ-ын Аризоны их сургууль, Японы Nippon Dental University, Осакагийн их сургууль, Шига мужийн их сургууль, Солонгосын гЧун-Аны их сургууль, Австралийн үндэсний их сургууль, Германы Бонн, Грейсвалдын их сургууль, Хятадын Жилин их сургууль, Төвийн үндэстний их сургууль, Өвөр Монголын их сургууль зэрэг гадаадын их сургууль, судалгаа шинжилгээний байгууллагуудтай судалгааны хамтын ажиллагааг тогтмол явуулдаг. Манай тэнхимд дээрх сургуулиудаас эрдэмтэн багш нар, зочин судлаачид ирж ажиллахаас гадна магистр, докторын сургалтад Япон, Англи, Шинэ Зеланд, Хятад, Америк, Австрали, Польш, Унгар, Чех зэрэг орнуудаас судлаач оюутнууд хамрагддаг. Тус тэнхимийн оюутнууд гадны судлаачидтай хамтран олон улсын судалгааны төсөлд ажиллах боломжтой.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Хүний байгаль нийгэм соёлын мөн чанарыг он цагийн өргөн хүрээг хамруулж нийгэм-соёлын болон биологийн үүднээс цогц судалгаа хийх мэдлэг эзэмшинэ 
  • Нэн эртний үеэс эдүгээ хүртэлх он цагийн минжийн өргөн хүрээнд хүний хувьсал хөгжил нийгэм соёлын олон хэлбэрийн үүсэл хөгжил түүнд нөлөөлөх хүчин зүйлс тэдгээрийн харилцан хамаарал мөн чанарыг танин мэднэ 
  • Хамтлагийн судалгааны арга зүйг эзэмшиж судалгааны үр дүнг нэгтгэн шинжлэх ухааны нэгдмэл дүн шинжилгээ хийх цогц мэдлэг чадвар эзэмшинэ 
  • Суралцах явцад эх орныхоо түүх соёл нийгмийн хөгжил хувьсал өөрчлөлттэй танилцаж түүнд дүн шинжилгээ хийх судлах боломжтой болгоно
  • Антропологийн шинжлэх ухааны суурь болон орчин үеийн чиглэлүүдээр мэдлэг эзэмших, антропологийн аль нэг салбараар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бие даан болон багаар гүйцэтгэх, төсөл боловсруулан хэрэгжүүлэх, судалгааны ажлын үр дүнг задлан шинжлэх, харьцуулан жиших, нэгтгэн дүгнэх, онолын дүн шинжилгээ хийх чадварыг эзэмшиж, шинжлэх ухааны ёс зүйг эрхэмлэдэг, хүмүүнлэг ёс суртахуунтай судлаач байх дадалтай болж, эрдэм шинжилгээний бүтээлийн олон улсын академийг бүтцийг бүрэн эзэмшүүлэх, гадаад хэлээр туурвисан мэргэжлийн бүтээлүүдтэй танилцах хэлний зохих мэдлэгтэй болно 

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Манай төгсөгчид төгссөний дараа нийгэм соёл шинжлэх ухааны бүхий л салбарт ажиллах боломжтой.  

  • МУИС, ШУА, ШУТИС, СУИС зэрэг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд 
  • Англи, Герман, Япон зэрэг гадаад улсуудын нэр хүндтэй их сургууль, судалгааны байгууллагууд 
  • Олон улсын байгууллага, төслүүд 
  • Монгол улсын яам тамгын газар зэрэг төрийн байгууллагууд 
  • Дотоод болон гадаадын бизнесийн байгууллагууд 
  • Бүх түвшний архивын болон бүртгэл мэдээллийн газрууд 
  • Бүрэн дунд боловсролын сургуулиуд 
  • Төв болон орон нутгийн музейнүүд 
  • Аялал жуулчлалын байгууллагууд 
  • Хэвлэл мэдээллийн байгууллагууд 
  • Төрийн бус байгууллагууд зэрэгт их дээд сургуулийн багш, судлаач, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, хөгжил зэрэг нийгмийн олон талт асуудлыг хамарсан олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөрийн удирдагч, судлаач, ажилтан, зөвлөх, менежер, төрийн болон төрийн бус байгууллагуудад бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт үнэлгээ хийх удирдлагын ажил мөн бизнесийн байгууллагуудад олон нийтийн харилцаа, хүний нөөц, борлуулалт маркетингийн амжилт бүтээлтэй ажиллаж байна 

Нэмэлт мэдээлэл

Японы Шига мужийн их сургуулийн оюутан солилцоо 

2007 оноос Японы Шига мужийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж оюутан солилцож эхэлсэн. Тус солилцооны зорилго нь Японд Монгол судлаач, антропологичдыг бэлтгэх явдал юм. Жилд манай тэнхимээс хоёр оюутан Шига мужид очиж нэг жилийн хугацаатай суралцдаг. Энэ хугацаанд оюутнууд Япон хэлний хичээлд суралцахын зэрэгцээ Монгол ба дотоод Азийн судлал, антропологи, орон судлалын мэргэжлийн хичээлүүдийг судалдаг. 

А.Мостаэртын Монгол судлалын төвийн судлаач оюутан тэтгэлэгт хөтөлбөр 

Тус судалгааны төвийн судлаач оюутан тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд эрдэм шинжилгээний ажил хийх боломжтой бөгөөд тус тэнхмээс 3-5 оюутан тогтмол хамрагддаг. Энэ нь оюутан үедээ эрдэм шинжилгээний ажлыг тэтгэлэгтэйгээр хийж, анхны судалгааны бүтээлээ хэвлүүлж, баялаг номын сангаар үйлчлүүлж өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгодог 

 

Антропологи, археологийн тэнхим хөтөлбөрүүд