АРДЧИЛСАН НИЙГЭМ ДЭХ ЁС ЗҮЙН СОРИЛТУУД
Өнөөгийн пост нийгэмд, мэдээллээр хахаж цацсан орчинд, танин мэдэхүйн бөмбөлөгт автамтгай нөхцөлд бидэнд тулгарч буй ёс зүйн олон сорилтууд дундаас хүний эрх, нийгмийн үнэлэмж, эрх зүйт төрийн асуудалтай огтлолцох ёс суртахууны асуудлуудыг сонгон авч, эрдэмтэн судлаач, мэргэжилтний хүрээнд хэлэлцэн, санал дүгнэлтээ бодлого боловсруулагч, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд уг хурлын зорилго оршино. Үүний тулд “Ёс зүй ба эрх зүй”, “Ёс зүй ба шашин”, “Ёс зүй ба үнэлэмж” гэсэн дэд сэдвүүдийг санал болгож байна. Хувь хүний хийгээд нийт нийгмийн үйлдлийг чиглүүлэх, үнэлэмжийн чиг баримжааг судлах болон “бүтээх”-д чухал үүрэг гүйцэтгэдэг болохынх нь хувьд эдгээр талбарыг ёс зүйтэй зэрэгцүүлэн онцлов. Эрдэмтэн, судлаач, багш та бүхнийг энэхүү эрдэм шинжилгээний хуралд сүүлийн үеийн судалгаа, шүүмжлэлт, бүтээлч санаагаа хуваалцан оролцохыг урьж байна.
Хурлын дэд сэдвүүд:
Ёс зүй ба эрх зүй: Нарийн төвөгтэй харилцаанд чигээ тогтоохуй (“үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх”, “хүний нэр төр, эрхэм чанарын асуудал”, “хувийн нууцлал ба үндэсний аюулгүй байдал”, “ёс зүйн хэм хэмжээ болон эрх зүйн хэм хэмжээ”, бусад холбогдох сэдэв)
Ёс зүй ба шашин: Итгэл бишрэлд холбогдох ёс суртахууны байр суурийг шинжлэхүй (“шашин хоорондын диалоги ба хамтын ажиллагаа”, “шашин шүтэх, эс шүтэх эрхтэй холбогдох эрх зүй болон ёс зүйн асуудлууд”, “боловсрол болон шашны плюрализм”, бусад холбогдох сэдэв)
Ёс зүй ба үнэлэмж: Ёс суртахуунтай шийдвэр гаргахуй (“ялгаатай үнэлэмж, тэр дундаа үе хоорондын ялгаанд холбогдох ёс суртахууны асуудал”, “шашин, эрх зүй, улс төрийн үнэлэмж шийдвэр гаргалт болон авир үйлдэлд холбогдох нь”, “хувийн үнэлэмж ба мэргэжлийн ёс зүй”, бусад холбогдох сэдэв)
Илтгэл, мэдүүлэг хүлээн авах
Хуралд оролцогчдын мэдүүлэг болон илтгэлийн хураангуйг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний дотор хүлээн авна. Хугацаа хоцорсон мэдүүлэг болон хураангуйг хүлээн авахгүй. Ирүүлсэн хураангуйг тэнхимээс томилогдсон мэргэжлийн комисс зохих шалгуураар үнэлсний үндсэн дээр илтгэлийг эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөрт тусгана. Хариуг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны дотор илтгэгчдэд мэдэгдэнэ. 2023 оны 11 дүгээр сарын 17-ны дотор илтгэгчид илтгэлээ бүрэн эхээр хураалгахыг анхаарна уу.
Илтгэлд тавигдах форматын шаардлага
Мэдүүлэг:
Илтгэгчид мэдүүлгийн хуудас болон илтгэлийн хураангуйг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний дотор уг холбоосоор нэвтрэн орж, илгээнэ үү.
Эрдэм шинжилгээний хурал хийх өдөр:
Эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд зохион байгуулна. Нэмэлт мэдээллийг 77307730-2220, 89449218 дугаарын утсаар лавлана уу.
МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим