“Монголын бурхны шашин судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлын эхний өдөр амжилттай болж өндөрлөлөө.
МУИС-ийн ФШСТ-ээс шашин судлалын сэдвээр хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурал энэ удаа олон улсын хэмжээний болон өргөжиж, ОУМСХ, МБШТ Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Монголын бурхны шашин судлал” нэрийн дор амжилттай зохион байгуулагдаж байна.
Тус хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээсэн мэндчилгээндээ буддын мэдлэг ухааныг судалж, хөгжүүлэн дэлгэрүүлж, дэлхий дахинд сурталчлан таниулахад монголчууд бидний өвөг дээдэс чухал хувь нэмэр оруулж, сүнбүм бүтээл туурвин улмаар “Монгол”-ын хэмээх бие даасан буддын шашныг бий болгон хөгжүүлж, “Монголын бурхны шашны судлал” бүрэлдэж, энэхүү судалгааны салбар XXI зуунд идэвхтэй хөгжиж байгааг цохон тэмдэглэж, Монголын бурхны шашны судалгааг өргөжүүлэх, судалгааны түвшнийг нь ахиулахад билиг оюунаа зориулж, зохиол бүтээлээ туурвиж байгаа монголын бурхны шашныг судлагч бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, сэтгэлийг ариусгаж, ухааныг саруулсгах зорилготой бурхны шашны судалгаа цаглашгүй мөнхөд дэлгэрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүллээ.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж үг хэлэхдээ монголын бурхны шашин олон улсын судлагдахуун болон хөгжихөд хувь нэмэр оруулсан үе үеийн лам, хувраг судлаачдын үйлсийг дурдан хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэн ерөөл дэвшүүлсэн бол МУИС-ийн ШУС-ийн захирал, Олон улсын монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор, профессор Д.Заяабаатар Олон улсын монгол судлалын холбооны зүгээс жил бүр тодорхой асуудлаар олон улсын хурлыг Монгол улсад зохион байгуулахаар төлөвлөж байгаагийн эхнийх нь монголын бурхны шашин судлалын сэдэв болж буйг онцлов.
Хурлын үндсэн илтгэл “Монголын бурхны шашин судлал: одоо, ирээдүй” илтгэлдээ МУИС, ШУС, Философи, шашин судлалын тэнхим доктор, профессор С.Янжинсүрэн монголчуудын сүсэг бишрэлд гарсан өөрчлөлтийг илтгэсэн судалгааны үр дүнгээс танилцуулж, монголын бурхны шашны онцлогуудыг илтгэх шүтээн, бүтээл, уул овоо тахилгын ном судруудыг жишээлэн дурдсан бол “Монголын дээдэс лам нарын Цогт Наландарын түүхэн уламжлалд оруулсан хувь нэмэр” илтгэлдээ МБШТөв Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, гавж С.Гантөмөр цогт Наландарын уламжлалын утга, түүний сургалтын онцлог, гол эх хэрэглэгдэхүүн, тэр дагуу туурвисан монгол лам нарын бүтээлийг ангилан зүйлчилж судалснаа толилуулав. Үдээс хойших хуралдаан Mонгол дахь буддын мэдлэг ухаан ба эх бичгийн судалгаа; Mонголын бурхны шашны түүх, хутагт хувилгаад, буддын мэргэд, сүм хийд, зан үйлийн судалгаа; Mонголын бурхны шашин ба улс төр, эрх зүй, гадаад харилцааны судалгаа; Mонголын бурхны шашны өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлагын судалгаа гэсэн дөрвөн салбар хуралдаанаар, идэвхтэй маргаан хэлэлцүүлэг дунд амжилттай үргэлжилж, эхний өдрийн хуралдаан өндөрлөлөө.
Өнөөдөр тус хурал МУИС-ийн номын санд “Зая бандида Намхайжамцын эмхэтгэсэн Эрдэнэ шастир буюу буддизмын удиртгалын тухай”, “Сайн ноён аймгийн зарим хутагтын нутгийг ялган салгаж тогтоосон тухай”, “Наланда Махавихарагийн редукционизм, прагматизм, практик баримжаат үзлийг орчин үеийн Монгол, Солонгост буддын дэлгэрэлтэд ашиглах судалгаа” зэрэг илтгэлээр эхэлж бүтэн өдөр үргэлжилнэ.