“АМЖИЛТТАЙ БАГШЛАХУЙ” СЭДЭВТ ЛЕКЦИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Академич Шадавын Лувсанванданы нэрэмжит Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим “Багшлах талбар” дугуйлангийн хоёр дахь үйл ажиллагаа болох “Амжилттай багшлахуй” лекцийг 2026 оны 05 дугаар сарын 02-ны өдөр МУИС-ийн Хичээлийн II байрны 343 тоот танхимд амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн зочин багшаар Монгол Улсын Гавьяат багш Ө.Цэндсүрэн, монгол хэл, уран зохиолын багш И.Сансартуяа нар оролцож, “Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол” хөтөлбөрөөр суралцаж байгаа I-IV түвшний оюутнуудад зориулж монгол хэл, бичиг, уран зохиолын хичээлийг хэрхэн амжилттай заах, цаашилбал амжилттай багшлахуйн ур чадвар, арга барилыг хэрхэн эзэмших талаар мэдлэг, туршлагаа хуваалцан лекц уншиж, оюутнуудын асуултад хариулж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ удаагийн лекцэд мөн Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 34-р сургууль, Дархан-Уул аймгийн “Монгол Оюу” сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нар ирж, оролцлоо.
Энэ удаагийн лекцийн зочин багш нар багшлах үйлийг амжилттай хэрэгжүүлэхэд ямар ямар хүчин зүйл нөлөөлдөг тухай, тухайлбал, багш өөрөө өсөх сэтгэлгээтэй байх, сурагчийн ярих цаг багшийн ярих цагийн харьцаанд анхаарах, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, суралцахуйн удирдамж, багшийн номыг хэрхэн судлах тухай, мөн монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын хичээлийг хэрхэн сайн заах талаар өөрсдийн туршлагад тулгуурлан арга зүйн зөвлөгөө өглөө.






