“БАГШЛАХ ТАЛБАР” ДУГУЙЛАНГИЙН ЛЕКЦИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Академич Шадавын Лувсанванданы нэрэмжит Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим “Багшлах талбар” дугуйланг ажиллуулж эхлээд байна. МУИС-д бакалаврын сургалтын багшийн хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнуудын багшлах ур чадварыг дэмжих, хөгжүүлэх; туршин заах, оюутны хамтдаа хөгжих орчин нөхцөл, талбарыг бий болгох зорилготой уг дугуйлангийн анхны үйл ажиллагаа болох “Сурагчийн бүтээлчээр сэтгэх чадварыг хөгжүүлэх нь” лекцийг 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр МУИС-ийн Хичээлийн II байрны 343 тоот танхимд амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн зочин багшаар Монгол Улсын Гавьяат багш Л.Олзвой, Монгол Улсын Зөвлөх багш Б.Цасанчимэг нар оролцож, “Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол” хөтөлбөрөөр суралцаж байгаа I-IV түвшний оюутнуудад зориулж монгол хэл, бичиг, уран зохиолын хичээлээр дамжуулан сурагчийн бүтээлчээр сэтгэх чадварыг хэрхэн хөгжүүлэх талаар мэдлэг, туршлагаа хуваалцан лекц уншиж, оюутнуудын асуултад хариулж, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэв.
Зочин багш нарын илтгэлд орчин үеийн боловсрол нь суралцагч төвтэй сургалтад тулгуурлаж, сурагчийн бие даан суралцах, эргэцүүлэн бодох, бүтээлчээр сэтгэх чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн мэдлэг бүтээдэг үйл явц болохыг онцлон дурдлаа.




















