Ардын багш Ш.Чоймаагийн “Бүтээлийн чуулган” номын нээлт
Монгол Улсын Ардын багш, төрийн шагналт, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Шаравын Чоймаагийн “Бүтээлийн чуулган” таван боть номын нээлт 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Монгол Улсын Их Сургуулийн Эрдмийн танхимд боллоо.
Ш.Чоймаа багш нь эх хэл, үндэсний бичиг соёл, монголчуудын судар номын өв, уламжлалт мэдлэг ухааныг судлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд насан турхруу бие, хэл, сэтгэлээ чилээсэн эрхэм хүмүүн билээ. Бүтээн туурвисан бүхнийг хураан эмхэтгэж гаргавал хэдэн арван боть болохын учир энэ удаа дангаараа бичсэн судалгаа, сурталчилгааны ном зохиолыг таван ботиор эмхэтгэн толилууллаа. Харин хамтын бүтээл, сурах бичиг, гарын авлага, хөрвүүлэг, сонин сэтгүүлд өгсөн ярилцлага, уг эх нь хараахан олдоогүй эрдэм шинжилгээний хурлын илтгэл зэрэг нь уг эмхэтгэлд ороогүй болно.
Тус бүтээлийн чуулган таван боть:
- Тэргүүн ботид “Монголын нууц товчоон” болон Чингис хаан судлалын бүтээлүүдийг нь багтаав.
- Дэд ботид орсон “Хаадын үндсэн хураангуй алтан товч”-ийн судалгаа нь өнөө хэр тус сурвалжийн талаар гарсан хамгийн дорвитой бүрэн судалгаа юм.
- Гутгаар ботид “Монголын нууц товчоон, Лувсанданзаны Алтан товч: эхийн харьцуулсан судалгаа” хэмээх судалгаа болон Лу. Алтан товчийн хөрвүүлэг, тайлбарыг нь оруулав.
- Дөтгөөр ботид “Монгол хэл, бичиг, сурвалж судлал”-д хамаарах өгүүллүүд багтсан болно.
- Тавдугаар ботид “Монголын уламжлалт мэдлэг, шашин, соёл судлал”-ын талаар бичсэн судалгаа болон сурталчилгааны өгүүллүүдийг нийтлэв.
“Шаравын Чоймаа” сан монгол хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, монгол бичиг соёлоо хамгаалах, дархлааг нь бэхжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахыг зорьж ажиллаж байна. Энэ оны наймдугаар сангаас сард “Монгол сурвалж бичиг” судлалын анхдугаар хурлыг зохион байгуулна. Уг хурлыг хоёр жил тутам зохион байгуулахаас гадна дэлхийн монгол судлалын салбарт хоёр жил тутамд гарсан “Сурвалж судлал”-ын шилдэг бүтээлд Ш.Чоймаа багшийн нэрэмжит шагналыг олгож байна.






































