
Судалгааны семинар боллоо
2025 оны 06 сарын 04-ний өдөр 15:00 цагаас МУИС-ийн төв байрны дугуй зааланд Сажа ёсны 43 дугаар ширээт Занабазар Ринбүчи, түүний нарийн бичгийн дарга Дэнзин Чойпаг нар уригдан “Бурхны шашин хүмүүсийн ёс суртахуунд нөлөөлөх нь”, “Пагва лам ба Монголын харилцаа” сэдвээр лекц уншив.
Монголын хаад ноёд Чингис хааны үеэс эхлэн Сажа ёсны дээдэс, ялангуяа дөрөвдүгээр их ширээт Сажа бандида Гунгаажалцан, тавдугаар их ширээт Пагва лам Лодойжалцан нартай өргөн харилцаатай байжээ.
Занабазар Ринбүчи пүрэв сахиусны дамжлагын их багш бөгөөд Дэнзин Чойпаг Австралийн Үндэсний Их сургуульд нэрт монголч эрдэмтэн Игорь де Рахевильц агсны удирдлагад “Хубилай хаан Пагва ламын харилцаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн юм.
Лекцийг МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Философи, шашин судлалын тэнхим хамтран зохион байгууллаа.
Мөн Сажа ёсны “Пагва сан”-гаас “Субашидын тайлбаруудын судалгаа” сэдэвт төслийг санхүүжүүлж, хамтран ажиллахаар тогтож, ШУС-ийн захиралтай гэрээнд гарын үсэг зурав.