Хятан бага бичгийн судалгааны түүх, өнөөгийн хүрсэн түвшний талаар дэлгэрэнгүй танилцуулав
Италийн Венецийн Ка’ Фоскари Их Сургууль (Ca’ Foscari University of Venice)-ийн докторант Davide Rizzi Улаанбаатар хотод ажиллаж, суралцах үеэрээ Монгол Улсын Их Сургуулийн Хэл шинжлэлийн дугуйлангийн оюутнуудтай дөрвөн удаа уулзалт хийж, “Хятан бага бичгийн судалгааны тойм”, “Тайлан унших арга зүй”, “Дуудлагын сэргээлт”, “Хятан хэлний хэв шинж хийгээд нэр, үйл үгийн хэл зүйн ай” зэрэг сэдвээр лекц уншиж, харилцан ярилцлаа. Докторант Davide Rizzi, 1922 онд Өвөр Монголын Зуу-Уд аймгийн Баарин баруун хошууны Цагаан суваргаас зүүн хойш Ваарын манхан дахь Ляо улсын хааны булшнаас гарсан хятан үсэг бүхий хөшөө чулууны талаар Бельгийн номлогч Л.Кервин 1923 оны “Бээжингийн католик мэдээ” (Le Bulletin Cathorique de Pekin) сэтгүүлд нийтлүүлснээс хойш зуун жил өнгөрч, өнөөдөр болоход хятан бага бичгийн судалгаа нэлээд амжилтыг олоод байгаа тухай болон хятан хэл ба монгол төрөл хэлнүүд авиа зүй, хэл зүй, үгийн сангийн түвшинд тодорхой хэмжээний нийтлэг талтай болохыг олон тооны жишээ баримт дурдан ярьсан нь оюутнуудын сонирхлыг татаж, зарим оюутанд энэ чиглэлээр судалгаа хийх хүсэл төрүүлэв.
МУИС-ийн Хичээлийн 2-р байр, 304;
Мэдээ бэлтгэсэн: Дэд профессор Ц.Батдорж





