“ХОС УЯНГА” НЭГДЛИЙН САЛБАР ДУГУЙЛАНГ ХАТГАЛ ЕБС-Д НЭЭЛЭЭ
МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэргэдэх Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдлийн салбар дугуйланг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ерөнхий боловсролын сургуульд 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдөр нээлээ. Энэхүү дугуйлан нь “Хос уянга” нэгдлийн дөрөв дэх салбар дугуйлан болж байна.
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсролын газар, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Мөнхжаргалын Базаррагчаа багшийн 80 насны ойг угтан “Эх хэл бидний бахархал-2025” баярыг 5 дугаар сарын 5-ны өдөр Мөрөн хотод зохион байгууллаа. Тус баярын хүрээнд “Хос уянга” нэгдлийн оюутнуудын бүтээл: “Монгол хэл, соёлын өдөрлөг-2025” бичсэн бүтээлээр Хатгал тосгоны ЕБС-ийн “Монгол хэл бичгийн кабинент”-ыг тохижуулав. Нээлтийн ёслолд “Хатгал ЕБС”-ийн захирал О.Оюунтунгалаг, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор Т.Эрдэнэ-Очир, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор М.Базаррагчаа, Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор Ж.Баянсан, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор, доктор Б.Мөнгөнцэцэг, Ж.Ганбаатар, М.Жавхлан болон Хатгал тосгоны ЕБС-ийн багш, сурагчид оролцлоо. Нээлтийн үеэр доктор М.Жавхлан оролцогчдод уран бичлэгийн соёлыг тайлбарлан танилцуулж, бичих ур чадварын үзүүлбэр сонирхуулан, сургуулиудын хамтын ажиллагаагаа, эх хэл, монгол бичиг, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, уламжлан өвлүүлэх боломж, төлөвлөгөөний талаар ярилцлаа.
МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим “Хос уянга” нэгдлийн салбар дугуйланг Хатгал ЕБС-ийн монгол хэл, бичгийн багш Г.Бадамгарав хичээлүүлж, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэргэдэх Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл зөвлөн ажиллана. Өмнө нь Нийслэлийн 23-р сургууль, Монгол билиг оюун сургууль, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох ерөнхий боловсролын сургуульд байгуулж байсан юм.










