“Монгол орон судлал” хичээлийн дадлага боллоо
ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн Монгол хэлний бэлтгэл хөтөлбөрийг сонгон суралцагч гадаад оюутнуудын “Монгол орон судлал” хичээлийн дадлага 5 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.
2024-2025 оны хаврын улиралд Монгол хэлний бэлтгэл хөтөлбөрийг 10 гаруй орны 107 оюутан сонгон суралцаж байна. Эдгээр оюутан жилийн хугацаанд “Монгол орон судлал” болон бусад хичээлийн хүрээнд судалсан монгол орны байгаль цаг уур, газрын гадарга, хөрс ургамал, ан амьтан, монголчуудын хоол хүнс, гэр сууц, хувцас хэрэглэл зэрэг ахуй амьдралын талаар мэдлэгээ монгол орчин нөхцөлд нь буюу хөдөө орон нутагт очиж үзэж танилцдагаараа уг дадлага маш их ач холбогдолтой юм.
Оюутнууд Орхоны хөндийн байгалийн цогцолбор газар; Эрдэнэзуу хийд, Хархорины музей, Хөшөө цайдам зэрэг хөшөө дурсгалт газруудыг үзэхийн зэрэгцээ Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн аймгийн аварга малчин А.Алтанхуягийнд зочилж малчдын ахуй амьдралтай танилцан, малчны хотонд “Малын тоног хэрэгсэл хэн сайн мэдэх вэ? тэмцээн, мөн Монгол орны тухай асуулт хариултын “ АХА” тэмцээнд оролцоцгоов. Асуулт хариултын “АХА” тэмцээнд Г-1 ангийн оюутан Япон улсын иргэн Түрүүнээ түрүүлж, Мина Цугита (Япон), Роберт Кравцик (Польш) нар хоёр гуравдугаар байранд оров. Малын тоног хэрэгсэл нэрлэх тэмцээнд Д-1 ангийн оюутан Наруми тэргүүллээ. Байр эзэлсэн оюутнуудад шагнал урамшуулал гардууллаа.
Мэдээ бэлтгэсэн: Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн ахлах багш Ч.Баттулга
















