“Хос уянга” нэгдлийн салбар дугуйланг “Монгол билиг оюун” цогцолбор сургуульд нээлээ
МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэргэдэх Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдлийн салбар дугуйланг “Монгол билиг оюун” цогцолбор сургуульд нээлээ. Энэ нь “Хос уянга” нэгдлийн хоёр дахь салбар дугуйлан юм.
“Хос уянга” нэгдлийн 20 жилийн ойд зориулан гаргасан “Монгол бичиг-Монгол бахархал” үзэсгэлэнгийн бүтээлээр тус сургуулийн Ш.Ширнэн багштай 8в ангийг тохижуулав. Нээлтийн ёслолыг “Монгол билиг оюун” сургуулийн захирал Б.Ариунтунгалаг нээж, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор Т.Эрдэнэ-Очир, доктор М.Жавхлан, “Хос уянга” нэгдлийн тэргүүн Э.Бямбасүрэн болон нэгдлийн гишүүд мэндчилгээ дэвшүүлэв. Нээлтийн үеэр сургуулийн удирдлага, монгол хэл, бичгийн багш нар, бийрийн бичлэгийн клубийн сурагчидтай уулзаж, хамтын ажиллагаагаа, эх хэл, монгол бичиг, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, уламжлан өвлүүлэх талаар ярилцлаа.
“Монгол билиг оюун” цогцолбор сургуулийн багш Ш.Ширнэн нь Монгол Улсын Их Сургуулийг 2021 онд “Монгол хэл, уран зохиолын багш” мэргэжлээр төгссөн чадварлаг мэргэжилтэн бөгөөд “Хос уянга” нэгдлийн тэргүүнээр 2019-2020 онд ажиллаж байсан билээ.
“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургууль, “Монгол билиг оюун” сургуулийн “Хос уянга” дугуйлангийн багш нарын сурган хүмүүжүүлэх их үйлсэд амжилт хүсье.


















