
МАТЕМАТИКИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
Монгол улсад онолын математикийн алгебр, анализ, геометр, математик хэрэглээ, магадлал статистик чиглэлүүдээр мэргэшсэн, онолын өндөр чадвартай, мэргэжилтэн багш, судлаач бэлтгэх зорилготой.
Хичээлийн хөтөлбөр
- Ерөнхий суурь- 36 кр
- Мэргэжлийн суурь-9 кр
- Мэргэжлийн хичээл- 60 кр
- Заавал судлах- 45 кр
- Гүнзгийрүүлэн судлах-15 кр
- Чөлөөт сонголт- 15 кр
Нийт 120 кредит судалдаг.
Математикийн хөтөлбөрөөр эзэмших мэргэших чиглэлүүд:
- Алгебр чиглэл
- Анализ чиглэл
- Геометр чиглэл
- Магадлал статистикийн чиглэл
- Математик хэрэглээ чиглэл
Алгебрийн чиглэлийн танилцуулга
Алгебрийн чиглэл нь алгебр, шугаман алгебр, математик логик, дискрет математик, математикийн аргууд зэрэг хичээлүүдийг заахаас гадна ахлах түвшний оюутнуудад Галуагийн онол, Ли бүлэг, Ли алгебр, категорийн онол, бүлгийн онол, ассоциатив цагираг, ассоциативт ойр цагираг, PI алгебр, коммутатив алгебр, алгебрлиг геометр зэрэг тусгай курсуудыг тогтмол заадаг.
Энэхүү чиглэл нь PI алгебр, алгебрийн цогцын онол, критик цагирагууд, бүлгийн онол, Галуагийн онол, ассоциативт ойр цагирагийн онол, ассоциатив алгебрийн Курош-Амицурын радикал ангийн онол, тооны онол, комбинатор алгебр, коммутатив цагирагийн онол, биноидийн онол зэргээр судалгаа явуулдаг.
Алгебрийн чиглэлийн багш нар санаачлан энэ чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, семинарыг тогтмол зохион байгуулдаг юм.
Анализын чиглэлийн танилцуулга
Анализын чиглэл нь математик анализ, бодит анализ, комплекс анализ, функциональ анализ, операторын онол зэрэг олон судалгааны салбаруудтай бөгөөд эдүүгээ онолын физик, квант физик болон орчин үеийн янз бүрийн техник технологи, бусад хэрэглээний салбарууд дахь төрөл бүрийн онолын судалгааны үндсэн хэрэгсэл болсон билээ.
Энэ манай тэнхимийн багш, судлаачид C*-алгебр, операторын онол, функцийн онол, функциональ огторгуйнууд, интеграл тэнцэтгэлбиш, интеграл тэгшитгэл зэрэг чиглэлээр судалгаа хийж анализ I, анализ II, функциональ анализ, комплекс анализ, хэмжээний онол, дифференциал тэгшитгэл, комбинаторик, операторын онол хичээлүүдийг заадаг.
Анализын чиглэлийн багш судлаачид бусад чиглэлийн багш нартай хамтран судалгааны семинар, эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулдаг юм.
Геометрийн чиглэлийн танилцуулга
Геометрийн чиглэл нь дифференциал геометр, цогцын онол, гадаргуун онол, ерөнхий топологи, дифференциал топологи, алгебрийн топологи зэрэг чиглэлүүдээр үндсэн мэргэжлийн хичээлүүдийг заадаг. Ерөнхий топологи, дифференциал геометр, Кэлерийн цогц, Ли Алгебр, Ли бүлэг чиглэлүүдээр судалгааны ажил хийдэг.
Магадлал статистикийн чиглэлийн танилцуулга
Магадлал статистикийн чиглэл нь Монгол улсад онолын математикийн салбар үүссэн цагаас эхлэн мэргэжилтэн багш нарыг бэлтгэж ирсэн бөгөөд магадлалын ахисан түвшний онол болон статистикийн онолын салбарыг хөгжүүлэх зорилготой. Энэ чиглэлийг сонгон суралцсанаар магадлалын онол болон статистикийн онолын суурь мэдлэгийг эзэмшиж тухайн чиглэлээр судлаач, мэргэжилтэн, багшаар ажиллах боломжтой болно. Мөн, энэ чиглэлээр суралцсан оюутнууд нь өгөгдлийн шинжилгээ судалгааг хийх дадлага сайтар эзэмшдэг тул дата аналист мэргэжлээр ажиллах зэргээр хөрвөх чадвар сайтай мэргэжилтэн болдог.
Математик хэрэглээ чиглэлийн танилцуулга
Математикийн хэрэглээ чиглэл нь онолын математикийн уламжлалт чиглэлүүд болох Алгебр, Анализ, Геометр, Магадлалаас гадна Математик хөтөлбөрийг баяжуулан, уг хөтөлбөрийн оюутнуудад илүү боломж олгодог юм.
Энэхүү чиглэлийн багш судлаачид дифференциал тэгшитгэл, тооцон бодох математик, динамик систем, математик загварчлалын чиглэлээр сургалт явуулж, судалгааны ажил хийдэг.
Тус чиглэл нь математикийн суурь мэдлэг сайтай оюутнуудад, тэр давуу тал дээр нь тулгуурлан цэвэр математикаас өөр салбарт хүчээ сорих боломжийг олгохын төлөө ажиллана.
Математикийн хэрэглээ чиглэлийн багш, судлаачид бусад чиглэлийн багш нартай хамтран судалгааны семинар, эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулдаг юм.
“БАГШ-МАТЕМАТИКИЙН БОЛОВСРОЛ ” хөтөлбөр
- Хөтөлбөрийн зорилго
Математикийн суурь боловсролд тулгуурласан, онолын болон заах арга зүй-технологийн өндөр мэдлэг ур чадвартай багш бэлтгэх зорилготой.
- Хөтөлбөрийн агуулга
Нийт 120 багц цагийн хичээл судална. Үүнд:
А. Ерөнхий суурь- 36 кр
Б. Мэргэжлийн суурь-9 кр
В. Мэргэжлийн хичээл- 60 кр
– Математикийн чиглэл- 30 кр
– Багш мэргэжлийн – 24 кр
– Сонгон судлах- 6
Г. Чөлөөт сонголт- 15 кр
- Оюутанд чиглэсэн үйл ажиллагаа
- Багш оюутан хамтран ЕБС, Их дээд сургуулийн багш нарт зориулан “Geogebra өдөрлөг” 2015 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.
- Багш оюутан хамтран ЕБС, Их дээд сургуулийн багш нарт зориулан “Нээлттэй боловсрол” эрдэм шинжилгээний хурал 2015 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа
- Салбарын оюутнуудыг удирдан “Багш мэргэжлийн оюутны эрдэм шинжилгээний хурал”-д жил бүр амжилттай оролцуулдаг.
- Мэргэжлийн чиглэлийн семинар тогтмол явагдаж оюутнууд мэдээлэл боловсруулах, илтгэх чадвар, өөрсдийн мэдлэг, чадвараа ахиулах боломж олгодог.
- Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Намрын алхалт”, “Салбарын төгсөгч, оюутны спорт өдөрлөг” гэх мэт үйл ажиллагаа жил бүр тогтмол явагддаг.
- МУИС-н оюутны урлаг, спортын наадамд жил бүр амжилттай оролцдог.
- Ахисан түвшний сургалтад хамрагдаж буй байдал
- Бакалаврын түвшний сургалтын дараа багш боловсролын магистрт үргэлжлүүлэн суралцах боломжтой бөгөөд олон төгсөн гарч янз бүрийн салбарт амжилттай ажиллаж байна.
- Одоогоор суралцаж байгаа 16 магистрант байна. Багш боловсролын судалгааны магистраар амжилттай төгсөөд гадаад, дотоодын сургуулиудад боловсролын докторын хөтөлбөрт хамрагдах боломжтой.
- Төгссөний дараах ажлын байр, төгсөгчдийн амжилт
- Багш, математикийн боловсролын хөтөлбөрөөр төгсөгчдийн хувьд ажлын байр хангалттай эрэлттэй байдаг.
- Хувийн болон төрийн өмчийн ЕБС-д мөн банк санхүүгийн байгууллага, ICT-ийн салбарт амжилттай ажиллаж байна.
- Мастер амжилттай хамгаалсан төгсөгчид Их, дээд сургууль, коллежид багшлах боломжтой.
- Багш нарын эрдэм шинжилгээний ажил ба мэргэжлийн үйл ажиллагаа
- Судалгааны ажлын гол чиглэл нь ЕБДС болон их дээд сургуулийн математик сургалтын хөтөлбөр, арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээний чиглэлээр хийгддэг.
- Эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээр нэг сэдэвт бүтээл 3, ном 15, эрдэм шинжилгээний өгүүлэл 60 гаруйг бичиж хэвлүүлсэн. ЕБС, Их дээд сургуулийн түвшний ном сурах бичиг зохиох, орчуулах ажилд оролцдог.
