
Монгол Улсын Их Сургуулийн Багш, Хөгжил Суралцахуйг Дэмжих Төвөөс явуулдаг “Зочин багш” хөтөлбөрийн хүрээнд ИБАСТ-ийн багш М.Нарантуяа, Д.Түвшинтөгс нарын урилгаар “Уран зохиолын орчуулга” хичээл дээр Монголын алдартай яруу найрагч Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн, доктор, Д. Ганболд уригдан лекц уншлаа. Тэрбээр “Жиком Пресс”хэвлэлийн компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал бөгөөд “Утга зохиол судлал” цувралаар сонгодог болон орчин үеийн урлаг, соёл, уран зохиолын төлөөлөгчдийн зохиол бүтээлийг эмхэтгэн хэвлүүлж соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсаар байгаа юм. Энэхүү лекцээр гадаад дотоодын уран бүтээлч, зохиолч, шүүмжлэгч, судлаачдын зохиол бүтээл, намтар уран бүтээлийн талаар тоймлон танилцуулж, уран зохиолын өв уламжлал, үнэ цэнэ, нийгэмд үзүүлэх нөлөө, судлал шүүмжийн ач холбогдолын талаар эх сурвалж, баримт, судалгаанд үндэслэсэн сонирхолтой лекц уншлаа.
Д.Ганболд “Өд” сангийн үйл ажиллагааны хүрээнд яруу найрагч Р.Чойномын зохиол бүтээлийг хэвлэж уншигчдад хүргэхээс гадна “Цэгц фильм”-тэй хамтран 2014 онд “Гэрээслэл” баримтат кино бүтээсэн хийгээд Р.Чойномын мэндэлсэний 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй ажлынхаа талаар ярьж, оюутнуудын тавьсан асуултанд хариулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Оюутан залууст шинэ мэдлэг, мэдээлэл түгээсэн, сурах мэдэх хүсэл эрмэлзлэлийг урамшуулан дэмжсэн, үр өгөөжтэй лекц болж өндөрлөсөн.








