
Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнд оролцсон МУИС-ийн Түүхийн тэнхимийн төгсөгчид 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр МУИС-ийн хичээлийн II байрны 341 тоот танхимд хуралдаж, “МУИС-ийн Түүхийн тэнхим төгсөгчдийн холбоо”-г үүсгэн байгуулах шийдвэр гаргав.
Үүсгэн байгуулагчдын хурлаар тус холбоог нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага хэлбэрээр ажиллуулах нь зүйтэй гэж үзэж, дүрмийн төслийг боловсруулан, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгов.
Энэхүү шийдвэрийн дагуу 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр МУИС-ийн хичээлийн II байрны 349 тоот танхимд “МУИС-ийн Түүхийн тэнхим төгсөгчдийн холбоо” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, холбооны дүрмийн эцсийн найруулгыг баталлаа. Холбооны дүрэмд зааснаар Удирдах зөвлөлийн даргаар Түүхийн тэнхимийн эрхлэгч ажиллаж, өдөр тутмын үйл ажиллагааг төгсөгчдийн төлөөллөөс сонгогдсон Гүйцэтгэх захирал удирдан хэрэгжүүлэхээр тогтов.
Анхны Удирдах зөвлөлийн даргаар МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), профессор П.Дэлгэржаргалыг баталж, харин анхны Гүйцэтгэх захирлаар 2002 оны төгсөгч, ШУТИС-ийн багш, түүхийн ухааны доктор (Ph.D) Халтарын Мөнхбаярыг таван жилийн хугацаатай томиллоо.
Ирэх 2027 онд түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй МУИС-ийн Түүхийн тэнхимийн хувьд төгсөгчдийн холбоо анх удаа байгуулагдаж байгаа нь түүхэн ач холбогдолтой үйл явдал болов.
Тус холбооны гишүүнчлэлд Түүхийн тэнхимийн бакалавр, магистр, докторын хөтөлбөр төгсөгчдөөс гадна МУИС-ийн бусад салбар, тэнхимд суралцаж, “Түүхийн багш” мэргэжил хавсран эзэмшсэн нийт төгсөгчид хамаарна.
Үүсгэн байгуулагчдын болон Удирдах зөвлөлийн хурлаас Холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэлийг дараах байдлаар тодорхойлов:
-
- Хүрээ хэмжээ: Аймаг, орон нутаг болон хилийн чанадад салбар зөвлөл байгуулж, дэлхийн өнцөг булан бүрд байгаа төгсөгчдөө нэгтгэх;
- Хэлхээ холбоо: Төгсөгчдийн хэлхээ холбоог бэхжүүлж, мэдээлэл харилцааны ухаалаг сүлжээ үүсгэх;
- Төгсөгчдийн оролцоо, мэргэжлийн нэр хүнд: Монголын түүхийн шинжлэх ухаан, эх түүхийн боловсролыг хөгжүүлэх болон нийгмийн үнэт зүйлсийг бэхжүүлэх үйл хэрэгт төгсөгчдийг татан оролцуулах харилцан уялдаа бүхий тогтолцоог бүрдүүлж, тэдний мэргэжлийн нэр хүндийг өсгөх;
- Бодлогын уялдаа: Холбооны үйл ажиллагааны хөтөлбөрийг төрөлх Түүхийн тэнхимийнхээ хөгжлийн бодлоготой нягт уялдуулax;
- Санхүүгийн чадавх: Дотоод, гадаадын сайн туршлагад тулгуурлан, холбооны үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах санхүүгийн тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх.
Дэлхийн нэр хүндтэй их сургуулиудын туршлагаас харахад төгсөгчдийн холбоо (Alumni Association) нь сургууль, төгсөгчдийн хоорондын эргэх холбоог бэхжүүлэх, боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих, төгсөгчдийн хамтын ажиллагаа, мэргэжлийн сүлжээг өргөжүүлэх, нийгмийн нийтлэг үнэт зүйлсийг төлөвшүүлэх чухал институц болдог.
Тус холбоог үүсгэн байгуулагчдын уулзалт Төрийн ордонд болсон Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөний өдөр, Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан МУИС-ийн Түүхийн тэнхимийн 2026 оны хаврын улирлын төгсөгчдийн баярын өдөр тус тус тохиож, холбооны түүхийн хуудсыг бэлгэ дэмбэрэлтэй нээлээ.
Цаашид “МУИС-ийн Түүхийн тэнхим төгсөгчдийн холбоо” НҮТББ нь үе үеийн төгсөгчдийг нэгтгэсэн хамтын ажиллагааны нээлттэй индэр болж, тэнхимийн хөгжлийг дэмжих, үндэсний түүхийн боловсрол, түүхийн судалгаанд бодит хувь нэмэр оруулах, төгсөгчдийнхөө эрх ашгийг хангах зорилгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах юм.
МУИС-ийн Түүхийн тэнхимийн үе үеийн төгсөгчдийн эв нэгдэл
Монголын ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй
Хамтдаа хөгжицгөөе


