Эдийн засгийн ухааны нэрт эрдэмтэн Д.Лхагвасүрэнгийн дурсгалд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.

Монгол Улсын Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль болон Монголын Эдийн Засгийн Холбоо хамтран эдийн засгийн ухааны нэрт эрдэмтэн профессор Дамбын Лхагвасүрэнгийн дурсгалд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 6 дугаар сарын 24–25-ны өдрүүдэд Монгол Улсын Их Сургуулийн Эрдмийн танхимд зохион байгууллаа.

Хурлын зорилго нь профессор Д.Лхагвасүрэнгийн эрдэм шинжилгээний өвийг хүндэтгэн дурсахын зэрэгцээ Монголын эдийн засгийн судалгааг хөгжүүлэх, дотоод гадаадын судлаачдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршив. Хоёр өдрийн турш хөдөлмөрийн эдийн засаг,  банк санхүү, байгаль орчны эдийн засаг, эконометрик, микро эдийн засгийн онол, макро эдийн засаг зэрэг өргөн хүрээний сэдвээр илтгэлүүд хэлэлцэгдэж, Монгол, Канад, АНУ, Ирланд, Франц, Япон зэрэг улсын их сургууль, судалгааны байгууллагын эрдэмтэн судлаачид оролцов. Мөн хурлын хүрээнд Д.Лхагвасүрэнгийн макро эдийн засаг болон эконометрикийн салбарт оруулсан хувь нэмрийг онцолсон тусгай илтгэлүүд тавигдаж, түүний эдийн засгийн шинжлэх ухаанд үлдээсэн өв, нөлөөний талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэхүү хурал нь Монголын эдийн засагчдын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуу судлаачдыг дэмжих, эдийн засгийн судалгааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Mongolian Economic Association – Memorial Conference