Доктор (Sc.D), профессор Ц.Баттулгын лекц амжилттай боллоо.

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас зохион байгуулдаг “Эрдэмтдийн үг” цуврал лекцийн 80 дахь удаагийн зочноор Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургууль, Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн профессор, шинжлэх ухааны доктор (Sc.D) Цэндийн Баттулга уригдан оролцож, “Монгол нутаг дахь эртний үсэг бичиг судлал: руни бичгийн судалгаа” сэдвээр лекц уншлаа.
Лекцийн үеэр Монгол орныг “номт гурван улс”-ын нэгд зүй ёсоор тооцож ирсний түүхэн үндэс, монгол нутаг дахь эртний үсэг бичгийн өв соёл, түүний судалгааны ач холбогдлын талаар судалгаанд тулгуурласан сонирхолтой баримт, мэдээллийг танилцууллаа.

Монгол нутгаас өнөөг хүртэл 20 гаруй төрлийн үсэг бичгийн дурсгал илэрч судлагдсан нь хүн төрөлхтний бичиг үсэг, хэл соёл, түүхийн судлалын үнэт өвд тооцогддог бөгөөд Төв Азийн төдийгүй дэлхийн соёл иргэншлийн түүхийг судлах ховор чухаг эх сурвалж болж байгааг онцоллоо.
Түүнчлэн хад чулуу, гэрэлт хөшөөн дээрх эртний бичгийн дурсгалыг шинжлэх ухааны үндэслэлтэй, системтэйгээр судлах арга зүй, руни бичгийн судалгааны өнөөгийн чиг хандлага, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэв.
Тус лекц нь эртний бичиг соёлын өвийг танин мэдүүлэх, шинжлэх ухааны судалгааны ач холбогдлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан арга хэмжээ боллоо.
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ
ТУРК ОРОН СУДЛАЛ САЛБАР

